Инфляц

Бодлогын хүү

Архины хатуулгийн хэмжээг бууруулах Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг үндэсний аж ахуйн нэгжүүд дэмжиж байна

Архины хатуулгийн хэмжээг бууруулах Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг үндэсний аж ахуйн нэгжүүд дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний үйлдвэр, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллага, лабораториудын ажилтай танилцаж, салбарынхны өмнө тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх, төр, засгаас үзүүлж болох дэмжлэг, туслалцааны талаарх санал бодлыг нь сонсож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр үндэсний үйлдвэрлэгч “АПУ” ХК, тус компанийн “Натур Агро”, “АПУ ложистик төв”, монгол сүү, ус, ундааны үйлдвэр болон үндсэн үйлдвэрт ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Эрүүл монгол хүн” хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг хангах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан.

Энэ хүрээнд архины хатуулгийн хэмжээг жил бүр хоёр градусаар бууруулах тухай заалтыг дэмжиж байгаагаа “Шунхлай” группийн Ерөнхийлөгч, “АПУ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Батсайхан илэрхийлэв.

Дэлхий нийтээрээ архи, согтууруулах ундааны соёлтой, хариуцлагатай хэрэглээнд шилжиж байгаа энэ үед “АПУ” ХК 34, 36 градустай согтууруулах ундаа үйлдвэрлэж эхлээд байгааг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн 40 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “АПУ Дэйри” ХХК-ийн монгол сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн 30 хувийг хангадаг бөгөөд “Монгол сарлаг” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэ хүрээнд эхний ээлжинд Архангай аймгийн Чулуут сумын малчдаас сар бүр тодорхой хэмжээний өрөм, ааруул, нэрмэл архи зэрэг хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг нь худалдан авч, тансаг зэрэглэлийн эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэх юм байна.

Ингэснээр малчид тогтмол орлоготой болж, нутагтаа сайхан амьдрах боломж бүрдэнэ гэдгийг “АПУ Дэйри” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнай хэллээ.

“АПУ” ХК зургаан охин компанитай. 2,000 гаруй ажиллагсадтай. Дотоод, гадаадын 14,000 гаруй хувьцаа эзэмшигчтэй.

Согтууруулах ундаа, ус, ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүний нийт 344 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлдэг.

Жил бүр улсын төсөвт дунджаар 300 тэрбум гаруй төгрөгийн татвар төлж, экспортын бодлогоо эрчимжүүлэн, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт хувь нэмрээ оруулдаг юм.

Хүнсний аюулгүй байдал, чанарын стандартыг хангах зорилгоор хүнсний бүтээгдэхүүний болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх 31, үйл ажиллагааны үед хянах шаардлагатай 37, эрүүл ахуйн болон хянах шаардлагатай бусад цэгт байнгын хяналт тавин ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр “Жүр Үр” ХХК, “Хангай Миллс” ХХК-ийн “Хурх” гурилын үйлдвэр, “Чиглэл” ХХК-д ажиллана.

 

Архины хатуулгийн хэмжээг бууруулах Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг үндэсний аж ахуйн нэгжүүд дэмжиж байна

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.