Инфляц

Бодлогын хүү

Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл хэрэгтэй байна

Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл хэрэгтэй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж, тухайн салбарын өмнө тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, санал бодлыг нь сонсож байна.  

Тэрбээр бялуу, нарийн боов, бейкерийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн  “Жүр Үр” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чаддаггүй. Урт хугацаатай, хүү багатай зээл олгох, гааль, НӨАТ-ыг хөнгөлж, чөлөөлөх, ажил олгогчдыг дэмжих зэрэг бодлого хэрэгжүүлбэл үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ажлын байраа хадгалах зэрэг давуу тал бий болох тухай компанийн дэд захирал Б.Мөнхзул хэллээ.


ТОП 100 аж ахуйн нэгжид ихэвчлэн уул уурхай, худалдаа зэрэг салбарын аж ахуйн нэгжүүд шалгардаг. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан зэргээс хөнгөлөлттэй зээл авдаг аж ахуйн нэгжүүд ТОП 100-д багтдаггүй учир шалтгааныг судалж үзэх, хууль эрх зүйн хувьд ч  эргэж харах зүйл байгааг хэллээ.

​Ойрын таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилготой Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Үндэсний хөдөлгөөнд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахаас гадна үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг түлхүү оролцуулбал хөдөлгөөн өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхэд бодитой хувь нэмэр болно гэж үздэгээ хэлэв. 

“Жүр Үр” ХХК бялуу, бэйкери бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 1,200 орчим ажиллагсадтай. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод өөрийн үйлдвэртэй.


Одоогоор 30 гаруй нэрийн бялуу, 150 гаруй нэр төрлийн бэйкери  бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. KFC, Burger King түргэн хоолны сүлжээ ресторан, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Арвайхээр, Чойбалсан хотод өөрийн 36 салбар томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүдээр дамжуулан  хэрэглэгчдэд өдөр бүр хүргэдэг.

 

Жүр Үр” ХХК нь Монгол Улсын хүнсний манлай үйлдвэр, Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр гурав, ТОП 100 аж ахуйн нэгжээр таван удаа шалгарсан, Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага юм.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.