УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын Удирдах зөвлөлийн дарга Жэймс Лиотта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Ноён Жэймс Лиотта УИХ-ын даргыг цаг зав гарган Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд тус танхим нь Улсын Их Хурал, түүний Тамгын газартай удаан хугацааны туршид үр өгөөжтэй хамтран ажилласан түүхтэй болохыг онцлов.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс, АНУ хоорондын харилцах харилцаа бол манай улсын хэрэгжүүлж буй гуравдагч хөршийн бодлогод суурилсан чухал харилцаа болохыг тэмдэглэж, энэхүү харилцаа нь стратегийн түншлэлийн нийтлэг эрх ашиг, ардчиллын үнэт зүйлс, чөлөөт зах зээл, хууль дээдлэх ёс болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан хөгжсөөр байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв.
Тэрбээр, Рио Тинто болон бусад хөрөнгө оруулагчидтай тогтвортой, нягт хамтран ажиллаж байгааг дурдаж, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү тогтвортой, тууштай бүрдүүлэх зорилтын хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам байгуулсан. Иймд Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдээс худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон улсын болон үндэсний компаниудын Монгол Улсад бизнeс эрхлэх боломж, эрх зүйн орчны талаарх санал бодлыг нь сонсох, санал солилцоход таатай байх болно гэв.
Ноён Жэймс Лиотта хэлэхдээ, Монгол дахь Америкийн худалдааны танхимын даргын хувьд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна. Саяхан Нью-Йорк, Вашингтон ДиСи, Сан Франциско хотуудад бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчидтай уулзаж, Монгол дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийг дэмжих уулзалтуудыг зохион байгуулсан. Энэ хүрээнд 2022 оны 6-р сарын 21-23-ны өдрүүдэд гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, Монгол дахь АНУ-ын ЭСЯ-тай хамтран “Doorknock 2022” уулзалтуудыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Doorknock 2022 уулзалтад оролцож буй төлөөлөгчид нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдаас бүрдсэн бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалт, худалдаа, бизнесийн орчныг сайжруулах, ялангуяа хувийн хэвшилд тулгуурласан чөлөөт зах зээлийг дэмжих зэрэг асуудлаар Монгол Улсын төрийн дээд байгууллага, холбогдох яамны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж байна гэв.
Талууд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, өнөөгийн эдийн засгийн сорилт зэрэг сэдвүүдээр санал солилцлоо.
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Нийт сэтгэгдэл (0)