Инфляц

Бодлогын хүү

Сүхбаатар аймагт дулаан, цахилгааны эх үүсвэр нэмж, Баруун-Урт-Сүхбаатар сум чиглэлд хатуу хучилттай зам тавина

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод ажиллаж иргэдтэй уулзлаа.

Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогод Боомтын сэргэлтийн багц ажлыг тусгаж эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн Зүүн босоо чиглэлийн төмөр зам, Бичигт боомтыг олон улсын жишигт хүргэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Энд 5-8 мянган ажлын байр бий болж, далайд хүрэх экспортын шинэ гарц нээгдэх зэргээр Сүхбаатар гэлтгүй зүүн аймгуудад эдийн засгийн томоохон сэргэлт авчрах ач холбогдолтой гэлээ.  

Сүхбаатар аймаг 65,1 мянган хүн амтай, 2021 оны жилийн эцсээр 4,2 сая толгой мал тоолуулжээ. Мал аж ахуй, аялал жуулчлал, уул уурхай түшиглэн хөгжиж ирсэн тус аймгийн хувьд аялал жуулчлалын гол үзмэрүүдийн нэг болох угсаатны зүйн музейн шинэ байртай болох, уул уурхайгаас үүдэлтэй ус, бэлчээрийн асуудал зэрэг анхаарах асуудлууд байгааг иргэд хэлэв. Мөн бараа бүтээгдэхүүн, бензин шатахууны үнийн өсөлт, төрийн тусгай болон захиргааны албан тушаалтнуудын цалин хөлсийг нэмэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулах зэрэг сүүлийн үед улс орны хэмжээнд тулгамдсан асуудлуудыг ч онцолж байлаа.

Засгийн газраас аймаг орон нутгийг хөгжүүлэхэд иргэдийн оролцоог хангахад онцгой анхаарч, саналыг нь сонсож буй. Сүхбаатарын аймгийн иргэд Дулааны станцын өргөтгөлийн гадна шугам сүлжээ, 2-р хэлхээний өргөтгөл, ДДТ-8,9 хөрөнгийг шийдвэрлэх, аймгийн цахилгаан эрчим хүчний дэд станцын өргөтгөлийг барих, “Дарьганга” хүүхдийн зусланг барьж дуусгах, хилийн зурвас дотор Бичигт боомтод 200-250 га газар олгох эрхийг орон нутагт олгох, Баруун-Урт-Сүхбаатар сум чиглэлийн 61,9 км хатуу хучилттай авто зам барих зэрэг таван ажлыг нэн тэргүүнд хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзсэн бөгөөд Засгийн газар анхаарч ажиллахаар боллоо.

Мөн Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн залуустай уулзсан юм. Тус аймаг 30 гаруй мянган залуустай. Орон нутагт залуус ажиллаж, амьдрах сонирхол нэмэгдэж байгаа ч ажлын байр, цалин урамшуулал, мэдлэгээ ахиулах, мэргэжлээ дээшлүүлэх, бизнес эрхлэх боломж хомс байгааг залуус Ерөнхий сайдад хандан хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.