Инфляц

Бодлогын хүү

Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүс байгуулах газрыг сонгоно

​ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2022.07.26) Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн ажлын дэд хэсгийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулан байгуулсан юм.

Хангайн бүсийн тулгуур төв шинэ хот байгуулах асуудлыг 1996 оноос хөндөж эхэлсэн  бөгөөд “Монгол Улсын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг гурван парламент дамжин хэлэлцэж, нийт 6 тогтоол баталсан байдаг.

Мөн энэ бодлогыг үргэлжлүүлэн ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоол болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 3.7.5-д “Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судалж, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна” гэж заасан.

  

Ажлын хэсгийнхэн өнгөрсөн зургаадугаар сард Орхоны хөндийд ажилласан бөгөөд одоогийн байдлаар шинэ хотын суурьшлын бүсийг байгуулахад тохирох газар сонгох ажил явагдаж байна.

Ажлын хэсгээс хот байгуулахтай холбоотойгоор түүх, соёлын дурсгалт олдворуудыг хамгаалах, археологийн малтлага судалгаа хийх, эдийн засаг, аялал жуулчлалын чөлөөт бүс болгох, олон улсад сурталчлан таниулах асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхээр ажиллаж байгааг танилцуулав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Үндсэн хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал,  археологийн болон палеонтологийн олдворууд төрийн нийтийн зориулалттай өмч байдаг. Өнөөдрийг хүртэл энэ асуудал хаягдсаар ирсэн байна. Түүх, соёл, археологийн үнэт олдворуудыг Улсын Их Хурлаас холбогдох шийдвэр гарсны үндсэн дээр ашиглах, захиран зарцуулах ёстой. Олон улсын судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран Орхоны хөндийд хот байгуулах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” хэмээн онцлоод Орхоны хөндийн газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах тухай холбогдох тогтоолын төсөл боловсруулах чиглэлийг ажлын хэсэгт өглөө. 

Ташрамд тэмдэглэхэд, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын ажлын хэсэг болон Бүгд Найрамдах Турк Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч тэргүүтэй археологич, судлаачидтай ирэх долоо хоногт Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт ажиллана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.