Инфляц

Бодлогын хүү

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг 62 гишүүн өргөн мэдүүллээ

 Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг 62 гишүүн өргөн мэдүүллээ

Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 62 гишүүн өнөөдөр (2022.08.25) Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Төсөлд Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэснийг хүчингүй болгохоор тусгасан байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.25/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа.

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18.3-т Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд тухайн Байнгын хороонд харьяалагддаг нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн ирцтэй бол түүнийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ хэмээн заасныг дурдав. Гишүүдийн ирц дээрх шаардлагыг хангажээ.

skip-share

Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэрийн зөв бурууг шүүх эрхтэй субъект байхгүй.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав.

Үндсэн хуулийн цэц энэ сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн зохих зүйл, хэсэгт нийцээгүй гэж үзсэн юм.

Энэ заалтыг хүчингүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар олон нийтийн байр суурь янз бүр байна. Нөгөө талаар Үндсэн хууль, бусад хуулиар Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэрийн зөв бурууг шүүх эрхтэй субъект байхгүй.

Энэ нөхцөлд Улсын Их Хурал Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар цэцийн эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн дагуу хэрэгжүүлэх, цаашид ийм маргаантай нөхцөл байдлыг давтуулахгүй байх зохицуулалтыг хийх нь түүний Үндсэн хуулийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага.

Үндсэн хуулийн Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлд зааснаар төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэх онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль болон холбогдох хуульд заасан журмын дагуу тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрх Монгол Улсын Их Хуралд бий.

Үндсэн хуулийн цэцийн энэ оны 02 дугаар тогтоол эрх зүй, хуулийн хэрэглээний практикт өмнө нь гарч байгаагүй нөхцөл байдал үүсгэсэн. Мөн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэх, өөрчлөлтийн уг эхийг нотлон баталгаажуулах, Үндсэн хуульд кодификац хийх албан ёсны эрх болгон хадгалах, хэвлэн нийтлэхэд хуулийн зарим зохицуулалт хийх шаардлага гарсан. Иймд дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд холбогдох хуулийн төслүүдийг УИХ энэ сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан.

skip-share

Үндсэн хууль нь тухайн улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлж, төрийн байгууллын үндсийг тогтоосон эв нэгдлийн гэрээ.

Эдгээр хуулиудыг баримтлан Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн нэг дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Н.Энхболд миний бие 62 гишүүний хамтаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулж, өргөн мэдүүллээ.

Үндсэн хууль нь тухайн улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлж, төрийн байгууллын үндсийг тогтоосон эв нэгдлийн гэрээ. Улс төр-эрх зүйн тулгуур баримт бичиг.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ", Хорьдугаар зүйлд "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална." гэсэн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилгод нийцүүлэн энэ хуулийн төслийг боловсруулсан.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг ийнхүү эцэслэн баталгаажуулах нь Үндсэн хууль, бусад хуулийг зөвхөн Улсын Их Хурал батлах бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа явдал гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу төслийг өндөр ирц, босготойгоор хэлэлцэж байгааг онцлов. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл нь 1992 оны Үндсэн хуулийн анхны үзэл санааны дагуу УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч болох асуудлыг нэг мөр шийдэх зорилготой гэдгийг тодотгосон юм.

Түүнчлэн тэрбээр цаашид цэцийн эцсийн шийдвэрүүдэд удаа дараа дурдсан УИХ-ын сонгуулийн тогтолцоо,УИХ-ын нийт гишүүний тоонг шийдэх хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн.

Эцэст нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй буюу 92.9 хувь нь дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.