Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замыг өнөөдөр нээлээ.
Энэхүү төмөр зам нь жилд 50 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Уг бүтээн байгуулалтад давхардсан тоогоор 5000 гаруй хүн оролцжээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээр 233 км үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон хоёр өртөө, зургаан зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэх бөгөөд анхны хүнд даацын, нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжтайгаар баригджээ.
Тус төмөр зам ашиглалтад орсноор ачаа тээврийн зардал 2-3 дахин буурч, гадагшаа төлөх валютын урсгал буурна. Мөн ачаа тээврийн хүчин чадал 10-50 сая тонн хүртэл нэмэгдэж, өмнийн говийн бүс нутгийн экологийн хохирол 72 хувиар буурах бол, төмөр замыг дагаж 2000 орчим ажлын байр бий болох аж.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлэв. Тэрээр “Манай улсын экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нээж байгаа нь түүхэн үйл явдал болж байна. Монгол Улс 1955 онд ЗХУ-тай хамтран хойд, урд хилээ холбосон төмөр замыг ашиглалтад оруулж байснаас хойш 70 орчим жилийн дараа монголчууд өөрсдөө дэлхийн стандартад нийцсэн энэхүү замыг ашиглалтад оруулж чадлаа. Тавантолгой-Гашуунсухайтын энэхүү ган зам бол Монгол Улсын хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын төмөр судас байх болно. Эх орон, ард түмний эрх ашгаас дээгүүр ашиг сонирхол байж болохгүй. Энэхүү бүтээн байгуулалтын ажил олон жил царцаж, бид цаг хугацаа боломжоо алдсан гашуун түүхийг мартаж болохгүй юм.
Цаашид Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлэх шаардлагатай. Эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, даалгаврыг нэр төртэй биелүүлж, түүхэн бүтээн байгуулалтыг сэтгэл, зүтгэл гарган хамтран хэрэгжүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” групп, “Инкон” болон дотоод, гадаадын дотоодын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчиддээ Монголын нийт ард иргэд, Монгол төрийн нэрийн өмнөөс дахин халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье” гэлээ.
Мөн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам I зэргийн, уулзваргүй, өртөө зөрлөгийн иж бүрэн байгууламжтай, дохиолол холбооны тоон радио системтэй гэх мэт дэвшилтэт технологи, инновац шингэсэн бүтээн байгуулалт хэмээн онцлов.
Нийт сэтгэгдэл (0)