Инфляц

Бодлогын хүү

Төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларсан ч... 

2022 он гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг аажмаар суларсаар буй. Оны эхэнд 2850 орчим төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өчигдрийн байдлаар хар зах дээр 3300 төгрөгийг даваад байгаа. Монголбанкнаас мэдээлж буйгаар он гарснаас хойш наймдугаар сарын 31-ний байдлаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг 12.3%-аар сулраад байна. Мөн гадаад валютын албан нөөц наймдугаар сарын эцсийн байдлаар 2.69 тэрбум ам.долларт хүрч буураад байгаа юм. Гадаад нөхцөл байдал таагүй, хил боомтын гацаатай холбоотойгоор экспортын орлого тасалдаж буй. Мөн импорт өндөр хэвээр байгаа зэрэг нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг сулруулах үндсэн хүчин зүйл болж буй билээ. Үнэндээ Төв банкны валютын нөөц хязгаарлагдмал, доллар хэвлэж чадахгүйгээс хойш энэ цаг үед долларын урсгал орж ирээсэй хэмээн найдахаас өөр аргагүй нөхцөл байдалд л байна. Валютын нөөцөө шавхчихвал ханш бүр харваж, нийгэм, эдийн засаг, санхүүгийн гүн хямралд орох эрсдэл бий.

Нөгөөтээгүүр дэлхий дахинд улс орнуудын валютын ханш ам.долларын эсрэг суларч байна. АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин өсгөх нь бараг л тодорхой болж байх шиг. Хамгийн сүүлийн мэдээгээр тус улсын инфляц 8.3 хувьд хүрсэн. Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар хоёр удаа огцом чангалаад амжсан. Одоо дахиад 0.75 хувиар өсгөх болов уу гэсэн хүлээлттэй байна. Энэ нь ам.долларын суурь өгөөжийг өсгөж, хөгжиж буй орнуудаас валют гадагшлах урсгалыг нэмэгдүүлж буй билээ. Эхэн үедээ зөвхөн хөгжиж буй орнуудын валют ам.долларын эсрэг суларч байсан бол сүүлийн үед хөгжсөн орнуудын валют ч ам.долларын эсрэг ихээхэн сулрах болжээ. Энэ нь ч статистикаас тодорхой харагдаж байгаа юм. Тоон мэдээллийг Их Британийн фунт, Японы иен, Евро, БНСУ зэрэг хөгжсөн улс орнуудын үндэсний мөнгөн тэмдэгт нь ам.долларын эсрэг 12.9-ээс дээш хувиар суларчээ. Мэдээж дайн байлдаантай байгаа Украин, дефолтод орсон Аргентин, хэт популист бодлогоос болоод үндэсний мөнгөн тэмдэгтийн хямралд ороод буй Турк зэрэг улсын мөнгө нь ноён долларын өмнө 34-36 хувиар гудайжээ. 

Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сулрах нь экспортлогч улсын хувьд туйлын ашигтай тусдаг жамтай. Харин импортлогч улсад ханшийн өсөлт импортын үнийг өдөөснөөр инфляцад сөргөөр нөлөөлчих гээд байдаг талтай. Гэхдээ ажиглавал энэ цаг үед Япон, Их Британи, БНСУ зэрэг улс хүчгүйдээ бус үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг зориуд долларын эсрэг унагааснаар экспортлогчдоо дэмжиж байгаа дүр зураг харагдаж байгаа юм. Японы иен л гэхэд ноён долларын эсрэг он гарснаас хойш бүтэн 20 хувиар сулраад байгаа юм. БНСУ-ын вон 12.9 хувиар суларсан байх жишээний. Тэр хэрээр Японы “Тоёота”, БНСУ-ын “Самсунг”-ийн экспортын борлуулалтын орлого өсөж байгаа биз ээ.

Эдгээр улсууд мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг хангалттай хэмжээгээр сулруулж байгаа учраас үүний нөгөө талд төгрөгийн ханш зарим улсын валютын эсрэг чангарчээ. Тухайлбал, еврогийн эсрэг 6 хувиар, Японы иений эсрэг 8 хувиар чангарсан байгаа юм. Хэрвээ манай улс цаашдаа экспортлогч улс болохыг зорих юм бол ханшийн бодлогоо эргэж харахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байна. Энэ нь мэдээж урт хугацаанд үр дүнгээ өгөх бодлогын сонголт болно. Магадгүй энэ цаг үед Япон, БНСУ зэрэг улс шиг ханшаа чөлөөтэй орхисон бол өнөөдөр валютын нөөц ингэтлээ дундрахгүй л байсан байх.  

Богино хугацаанд экспортоо шийдсэнээр ханшийн өсөлтийг хэсэг хугацаанд тогтворжуулж болох ч цаашдаа үргэлж нүүрсний экспортдоо л "найддаг", ийм байдалтай байж болохгүй гэдэг нь ойлгомжтой биз ээ.  

 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.