Өнөөдөр /2022.12.05/ нийтийн тээврийн үйлчилгээний 105 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн 977 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарчээ.
Нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлын хүрээнд тус газраас "ЗОРЧИГЧДОДОО ХҮЛЭЭГДЭЛГҮЙ ШУУРХАЙ ҮЙЛЧИЛЦГЭЭЕ" аяныг эхлүүлж, зарим аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагын хүрээнд карт уншигч төхөөрөмжгүй тээврийн хэрэгслүүдийг дайчлан өнөөдрөөс үйлчилгээнд явуулж эхэллээ.
Ийнхүү нэгдүгээр эгнээг чөлөөлж байгаатай холбоотой өглөөний 06:30-09:30 цагт дундын 23 зогсоолоос нэмэлтээр 52 тээврийн хэрэгсэл, оройн 17:00-19:30 цагт дундын 16 зогсоолоос нэмэлтээр 34 тээврийн хэрэгсэл 86 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр явна.
Нийт 1,029 автобус иргэдэд үйлчилнэ хэмээн нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.
Харин 22 сургуулийн 22 чиглэлд 22 тээврийн хэрэгсэл явна.
Нийтийн тээврийн үйлчилгээнд түлшээр ажилладаг 826 тээврийн хэрэгсэл нэг өдөрт 134 тонн түлш зарцуулж байна. Одоогийн байдлаар түлшний хомсдолоос шалтгаалж үйлчилгээ доголдсон аж ахуйн нэгж байхгүй.
Шугам замд Авто тээврийн хяналтын улсын 16 байцаагч, 144 шалгагч нар хяналт тавин ажиллана гэв.
Таван шарын автобусны буудлаас Офицеруудын ордны аюулгүйн тойрог хүртэлх авто зам дагуу 14 уулзвар, зогсоол, хороолол, ШТС зэргээс төв замтай нийлсэн 155 гарц, 39 автобусны буудал, авто замын зорчих хэсэгтэй залгаа 25 зогсоолд хяналт тавин ажиллаж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн хаагчид шалгах төхөөрөмж, “Е-Police” аппликэйшн, гудамж замд байршуулсан хяналтын камераар зөрчил бүрд хариуцлага оногдуулах аж.
Болор дурангаар шалгав
Нийт сэтгэгдэл (0)