Инфляц

Бодлогын хүү

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.

Хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2022 оны 21 дүгээр тогтоолоор байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр нар ажиллаж байгаа юм байна.

Ажлын хэсгээс авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй байх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийг газрын удирдах эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар нь хасаж, 5-12 жил хорих ял оногдуулахаас гадна хэргийг нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох саналыг гаргажээ. Түүнчлэн УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг УИХ-ын Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Авлигатай тэмцэх газар шалгах зэрэг зарчмын зөрүүтэй саналыг гаргасан байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.