Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.01.05) хуралдаан 10 цаг 12 минутад эхэлж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар найман асуудал хэлэлцэхээр танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Хууль санаачлагч хэлэлцүүлгийн аль ч шатанд санаачилсан хууль, тогтоолын төслөө татан авч болно” хэмээн заасан байдаг. Хууль, тогтоолын төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авах үндэслэлээ тусгасан албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авсанд тооцдог зохицуулалттай. Энэ дагуу Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн албан бичгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцууллаа. Засгийн газар 2022 арван нэгдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг татан авч буйгаа мэдэгджээ. Иймд дээрх хуулийн төсөл хэлэлцэх асуудлын дарааллаас хасагдаж, долоон асуудал хэлэлцэхээр тогтлоо.
Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын 2022 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдрийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хүсэлт гаргаж, уг асуудлаар гурав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусч, ийнхүү хэлэлцүүлэг үргэлжлэн, санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 47 гишүүний 26 нь буюу 55.3 хувь нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг мөн үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын 2022 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдрийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хүсэлт гаргаж, уг асуудлаар гурав хоногийн завсарлага авсан. Хуулийн төслүүдийг 2016 онд өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцүүлэг нь хоёр парламент дамжин үргэлжилж байгаа учир Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцэх шаардлага байсан гэдгийг Д.Тогтохсүрэн гишүүн хэлээд, завсарлага дууссан болохыг мэдэгдэв. Иймд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй саналын 34 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн 3, 4, 5, 6, 7 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, “Төлбөр тооцоо” гэсэн 8 дугаар зүйл, “Баталгаа, батлан даалт” гэсэн 9 дүгээр зүйлийг шинээр нэмэх саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Мөн хөрөнгө оруулалтын банкны гадаад валют худалдах, худалдан авах, арилжих үйл ажиллагааг зохицуулах 11 дүгээр зүйл нэмэх, “Андеррайтер, кастодиан, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагаа” гэсэн 12 дугаар зүйл, хөрөнгө оруулалтын банканд хориглох үйл ажиллагааны талаарх 13 дугаар зүйл, “Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт, шаардлага” гэсэн 14 дүгээр зүйлийг нэмэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Ийнхүү Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороон буцаалаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 80 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.
Улсын Их Хурлаас улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох ажлын хэсгийг байгуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэг болгосны дагуу Байнгын хорооны 2022 оны 16 дугаар тогтоолоор ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан гишүүдэд Ж.Батсуурь, С.Ганбаатар, Т.Доржханд, Ж.Мөнхбат, С.Одонтуяа, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, Н.Энхболд болон Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.”, 8.3 дахь хэсэгт “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оруулна.”, 8.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 8.3-т заасан шаардлагыг хангасан эрдэмтэн, судлаачийг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас, хувийн хэвшлийн төлөөллийг мэргэжлийн холбооноос, иргэнийг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас, эсхүл өөрөө нэр дэвшүүлэн санал болгоно.” гэж тус тус заасныг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэх зарыг 2022 оны 12 дугаар сарын 23-наас 30-ны өдрийн 17:30 цаг хүртэл, өдөр тутмын сонин хэвлэл, Монголын үндэсний Олон нийтийн радио телевиз, парламентын цахим хаяг болон бусад цахим хаягуудаар нээлттэй байршуулж, зарим их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад албан бичгийг хүргүүлсний дагуу их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас 13, төрийн бус байгууллагаас 73, аж ахуй нэгжээс 4, иргэнээс 72 нийт 162 хүн материалаа ирүүлжээ.
Ажлын хэсэг нэр дэвшигчийн ерөнхий шаардлагад заасан материалын бүрдэл хангагдсан эсэх, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй.” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөл болон Монгол Улсын дээд шүүхээс хүн тус бүрээр лавлагаа гаргуулан, хянан үзэж 136 хүнээр нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргасан байна. Баримт бичгийн бүрдэл дутуу 23, тогтоосон хугацаанаас хойш 3, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй 3, нийт 26 нэр дэвшигч байсныг жагсаалтад оруулаагүй байна.
Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, 136 нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн эдийн засагч О.Амартүвшин, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн эдийн засагч Ө.Ганхуяг, Монголын ажил олгогч эздийн холбооноос нэр дэвшүүлсэн арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер Х.Ганбаатар, Монгол Улсын Шинжлэх Ухааны академиас нэр дэвшүүлсэн гүн ухаан, нийгмийн ухааны багш, академич Г.Чулуунбаатар, төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн улс төрийн эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од, хувь иргэнээр нэр дэвшсэн зураг, хөдөлмөрийн багш Г.Галбадрах, радио электроникийн инженер Д.Моондой, Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулиас нэр дэвшүүлсэн улс төр судлаач Д.Мягмарсүрэн, багш, математикч И.Цэрэн-Онолт, Монгол Улсын Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн судлаач О.Мөнхсайхан, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат нарын 11 нэр дэвшигчийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж, тогтоолын төслийг боловсруулсныг Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулав.
Тогтоолын төсөлд “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.12 дахь хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлж, санал асуулгын дүнг нэгтгэж, зөвлөмж гарган Улсын Их Хуралд танилцуулахыг Зөвлөлдөх зөвлөлд даалгахаар тусгасан байна. Байнгын хорооны хуралдаанаар дээрх тогтоолын төслийг хэлэлцээд, тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, П.Анужин, Ц.Даваасүрэн, Ц.Туваан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Зөвлөлдөх зөвлөл нь зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсруулах, хамрах хүрээ, тухайн зөвлөлдөх санал асуулгын үе шат бүрийн санал авах өдрийг тогтоох; зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах; зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд тухайн сэдвээр мэдээлэл өгөх судлаач, мэргэжилтэн, хөндлөнгийн шинжээч, төрийн байгууллага, албан тушаалтныг шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд санал болгох; зөвлөлдөх санал асуулгын дүнг хэлэлцэж, зөвлөмж гаргах; зөвлөлдөх санал асуулгын талаархи мэдээллийг олон нийтэд хүргэх; Зөвлөлдөх санал асуулгын 8 зарчим хангагдаж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ гэдгийг Д.Тогтохсүрэн гишүүн хэлээд, шаардлага хангасан 136 нэр дэвшигчээс Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох ажлын хэсгийн гишүүдийн оролцсон нууц санал хураалтын дүнд дээрх 11 нэр дэвшигчийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж байгаа гэдэг тайлбарыг тэрбээр гишүүдийн тавьсан асуултад хариулах үеэрээ өгсөн.
Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр “Ардчиллын үнэт зүйл нь ард түмэнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм. Аливаа шийдвэр гаргахдаа ард түмний оролцоог хангаж, дуу хоолойг сонсох ёстой боддог. Ингэхдээ тухайн асуудлаар суурь мэдлэг, мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулах ёстой. Гэвч иргэн нэг бүрийг мэдээлэлжүүлж, шийдвэр гаргах явцад оролцуулах арга байхгүйд ардчиллын өнөөдрийн хүндрэл оршиж байгаа. Тиймээс нийгмийнхээ бүлэг, хэсэг, нэгж бүрийг төлөөлж чадахуйц их олонлогоос бага олонлогийг бүрдүүлж, их ард түмнээс бага ард түмнийг төлөөлж чадахуйц төлөөллийг бүрдүүлж дуу хоолойг сонсох фокус группийн судалгаа авах нь буруу зүйл биш. Ард түмний дуу хоолойг сонсох нь буруу зүйл биш, ардчиллын үнэт зүйлийг ойлгодог хүн бүр үүнийг дэмжинэ гэж итгэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа нь ардчилал” хэмээн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэллээ. Төлөөллийн ардчиллыг хүлээн зөвшөөрөхгүй хэсэг байдаг ч хүн төрөлхтөний бодож олсон засаглалын хамгийн сайн хэлбэр гэдгийг тэрбээр дурдаад “Тулгамдаад буй асуудлуудаа тодорхойлж, гарц шийдлийг олохоор ард түмэнтэйгээ зөвлөлдөхөөс ухрахгүй. Тиймээс Зөвлөлдөх зөвлөлийн хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангахын тулд төлөөллийн зарчмыг хангах шаардлагын үүднээс Байнгын хорооны хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй” хэмээн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.3-т “Нэгдсэн хуралдаан шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороонд буцааж болно” гэж заасны дагуу “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд буцаах санал хураалт явуулав. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.5 хувь нь энэ горимын саналыг дэмжсэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
“Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ
Үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв. Тогтоолын төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат танилцуулсан юм.
Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын дарга энэ оны 02 дугаар захирамжаараа дээрх тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын 2021 оны хүн амын статистикийн мэдээллээс үзэхэд хотжилтын түвшин нь хөдөөгөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хурдацтай нэмэгдэж, 72 хувьд хүрчээ. Өнөөгийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод манай улсын хүн амын 50 орчим хувь нь төвлөрч, төрийн байгууллагууд 100 хувь, их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа юм байна. Тиймээс хүн амыг нутаг дэвсгэрт тэнцвэртэй нутагшуулан суурьшуулах, нийслэл Улаанбаатар хотоос бусад нууц суурин хөгжүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн гэж Засгийн газрын зүгээс үзсэн байна.
Монголчууд бид уламжлалт нүүдэлчин ахуй соёлтой ард түмэн учраас эх газрын эрс тэс уур амьсгалтай, уул, тал хээр, говь цөл хосолсон өргөн уудам нутагт хүн амыг нутагшуулж, суурин газрыг хөгжүүлж ирсэн түүх нь дэлхийн бусад орнуудаас өвөрмөц, өөрийн гэсэн онцлогтой. Судлаачдын судалж ирүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Хүннү гүрний буюу МЭӨ III зууны үеэс XX зууны эхэн үе хүртэлх хугацаанд хамаарагдах 300 гаруй хот суурин газрын дурсгалыг бүртгэн тэмдэглэсэн байдаг. XIII зууны Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хотыг байгуулсан үеэс тал нутаг, суурин газрын соёл нэвтэрч эхэлсэн бөгөөд түүнээс хойш нийгмийн хөгжлийн үе шатуудад үндэсний уламжлал, баялаг өв соёлдоо түшиглэн тухайн нөхцөл байдалтай уялдсан архитектур, хот байгуулалтыг хөгжүүлж ирсэн түүхтэй. XX зууны дунд үеэс Монгол Улсад аж үйлдвэрийн шинэ салбаруудыг хөгжүүлснээр хүн амын суурин амьдрал, хотжилт руу хурдацтай шилжиж шилжих үе эхэлж, орчин үеийн хот, тосгоныг олноор байгуулсан. Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод манай улсын хүн амын 50 орчим хувь нь төвлөрч, төрийн байгууллагууд 100 хувь, их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж байгаа юм. Дэлхийн улс орнуудын хэмжээнд сүүлийн жилүүдэд иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг тэгшитгэх, хэт төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах зорилгоор хүн ам хэт төвлөрсөн томоохон нийслэл хотуудыг бүхэлд нь болон хэсэгчлэн нүүлгэх, төр, захиргааны байгууллагуудын байршлыг шилжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаа талаар төслийн танилцуулгад дурджээ. Тухайлбал, БНСУ, Малайз Улс, БНКУ, Бразил улс нийслэл хотоо нүүлгэн шилжүүлсний үр дүнд хуучин нийслэл дэх хэт төвлөрөл тодорхой хэмжээнд буурсан, хүн ам, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит үр нөлөө үзүүлсэн байдаг байна.
Барилга, хот байгуулалтын яамнаас Орхоны хөндийн орчимд хот байгуулалтын судалгааг үе шаттай хийж ирсэн бөгөөд 2005 онд “Шинэ хотын байршлыг урьдчилсан байдлаар тогтоох судалгаа”, 2006 онд “Нийслэлийн баримжаатай жишиг хотын экологи, хот байгуулалтын үнэлгээ”, 2009 онд “Хархорин, Эрдэнэ зуу орчмыг хот төлөвлөлтийн орчин үеийн аргачлалаар жуулчдын төв хот болгон хөгжүүлэх хөтөлбөр”, 2012 онд “Хангайн бүсийн тулгуур төв Хархорин хотын ирээдүйн төлөв, архитектур, хот төлөвлөлт” судалгааны ажлыг хийж гүйцэтгэж ирсэн бөгөөд 2022 онд Орхоны хөндийд шинэ хот суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай ТЭЗҮ-ийг боловсруулжээ. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын техник туслалцааны хүрээнд Барилга, хот байгуулалтын яам болон Үндэсний хөгжлийн газартай хамтран 2019-2021онд хэрэгжүүлсэн Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах төслийн тайланд нутаг дэвсгэрийн орон зайн төлөвлөлтийг оновчтой болгох, шинэ нийслэл хотыг хангайн бүсийн тулгуур төв Хархорин хот, эсвэл улсын нутаг дэвсгэрийн төв хэсэгт байрлуулах саналыг дэвшүүлсэн болохыг төсөл санаачлагчийн илтгэлд дурдлаа.
Дээр дурдсан хэрэгцээ, шаардлагад үндэслэн дэлхийн жишигт хүрсэн тогтвортой, ногоон ухаалаг шинэ Хархорин хотыг байгуулан хөгжүүлэх зорилгоор Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т хотыг шинээр байгуулах болон татан буулгах, нүүлгэн шилжүүлэх тухай шийдвэр гаргах бүрэн эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлэхээр заасны дагуу “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын цогцолтой тогтолцоог бүрдүүлэх, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндий шинэ Хархорин хотыг байгуулахаар тогтоож, Орхоны хөндийд шинэ хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоон, холбогдох хууль тогтоомжийн дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, шинэ Хархорин хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамжийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах, шинэ Хархорин хотыг байгуулах ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгох, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлах, түүнд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийг орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс төсөвлөн үе шаттайгаар авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо тус тус даалгахаар тусгажээ.
Байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын дөрөвний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Ц.Туваан, Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан юм.
Шинэ нийслэлийг байгуулах байршлын талаар тодруулахад салбарын яамнаас энэ оны гуравдугаар сарын 01-ний өдөр байршлыг эцэслэн тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд гурван хувилбарыг судалж байгаа гэв. Тоглохын талд 40.4 мянган га талбайтай байршил, Өгий нуур орчимд 168.6 мянган га талбайтай байршил, Хархорин сумын зүүн хэсэгт байрлах Онгоцон хөндийн 41.4 мянган га талбайтай байршлуудад судалгаа хийж байгаа юм байна. Хот байгуулалтын зардлын талаар тодруулсан гишүүний асуултад ажлын хэсгээс хариулахдаа “Тогтоол батлагдсаны дараа хот байгуулах байршлыг улсын тусгай хэрэгцээнд авна, мөн ТЭЗҮ боловсруулна. Үүний дараа зардлын тооцоолол, төлөвлөлт тодорхой болно” гэлээ. Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудад хот байгуулах, дэд бүтэц хийх боломжгүй учраас дээрх байршлын судалгаанд хамрагдаагүй гэдгийг ажлын хэсэг тайлбарласан.
Ийнхүү Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа. Үдээс хойших нэгдсэн хуралдаан “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотой гишүүдийн асуултаар үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийт сэтгэгдэл (0)