Монгол Улсын Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулсныг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан 2023 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
УИХ-аас баталсан ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тус тус дэвшүүлсэн нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулан, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсний дараа УИХ-аас Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Засгийн газраас 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авч байгаа тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 15-43 хувиар нэмэгдүүлсэн нь өргөн мэдүүлсэн багц хуулийн төсөлд тусгасан зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүссэн.
Мөн УИХ дахь олонхын бүлгээс хуулийн төслүүдийг хуримтлалын нэгдсэн сантай уялдуулж дахин боловсруулах чиглэл өгсөн, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон зэрэг шалтгааны улмаас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төслийг буцаан татан авч, үүсэх нөхцөл байдалд нийцүүлэн дахин боловсруулсан гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан танилцууллаа.
Тэрбээр, Нийгмийн даатгалын тухай хууль нь 1994 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш орсон 31 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, ажил олгогч, даатгуулагчийн шимтгэлийн хувь хэмжээг өөрчлөх, нийгмийн даатгалын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг тэтгэвэр авагч, даатгуулагчийн эрх ашигт нийцсэн олон арга хэмжээг хуульчлан хэрэгжүүлсэн.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын ажиллах хүчний 82.2 орчим хувь нь нийгмийн даатгалд даатгуулж, жилд дунджаар давхардсан тоогоор 748.9 мянга орчим хүнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөр олгож байна. Нийгмийн даатгалын тухай хуулиар ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх хувь хэмжээ, орлогын бүрэлдэхүүн, албан журмын даатгалын хамрах хүрээ, төрөл, нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо, байгууллага, байцаагчийн үйл ажиллагаа зэрэг харилцааг зохицуулж байна.
Хамралтын хувь хэмжээ багагүй байгаа хэдий ч малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх хувь нь нийгмийн даатгалд хамрагдахгүй нийгмийн баталгаа нь алдагдаж байгаа тул нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх шаардлагатай байна гэв.
Түүнчлэн, зарим салбарын хууль тогтоомжоор нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоох харилцааг зохицуулсан нь хуулийн хийдэл үүсэж байна. Тухайлбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Хилийн тухай хууль, Гаалийн тухай хууль, Дипломат албаны тухай хуульд хуулиар шимтгэл төлсөн хугацаа, өндөр насны тэтгэвэрт гарах нас, тэтгэвэр бодох хувь хэмжээг зохицуулсан нь нийгмийн даатгалын харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиудтай зөрчилдөж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим бодлого, үйл ажиллагаа болон ирээдүйд ирэх хүн амын насжилтаас хамаарч нийгмийн даатгалын сангийн зардал улам өсөж, тэтгэврийн даатгалын сангийн алдагдал нэмэгдэхээр байгаа тул нийгмийн даатгалын сангуудын санхүүгийн тогтвортой, бие даасан байдлыг хангасан сангийн зөв менежментийг хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Мөн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд иргэд бодит хуримтлалтай болох эрх зүйн шинэчлэл хийхээр заасан тул тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, даатгалын сангийн ирээдүйн алдагдлыг бууруулах, нэрийн дансны бүртгэлийг мөнгөжүүлэх зорилгоор өнөөдрөөс тэтгэврийн даатгалын сангийн бодит хуримтлалыг эхлүүлэх шаардлагатай байгаа юм.
Нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулах, нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй удирдах, даатгалын сангийн бодит хуримтлалыг эхлүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсрууллаа.
Хуулийн төсөлд нийгмийн даатгалын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, нийгмийн даатгалд даатгуулах, шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, тайлагнах, хяналт тавих болон нийгмийн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох харилцааг тусгана. Мөн нийгмийн даатгалын тогтолцооны зарчим, даатгалын сангийн хөрөнгө оруулалтын удирдлага, мэдээллийн нэгдсэн сан, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын итгэлцүүр, шимтгэлийг нөхөн төлүүлэх, буцаан олгох, тэтгэврийн нөөц санг байгуулах, нэрийн дансны бүртгэлийг мөнгөжүүлэх, мөнгөжүүлсэн орлогыг өвлүүлэх, шимтгэлийн өр, хөөн хэлэлцэх хугацааг тогтоох, нийгмийн даатгалын сангийн хэтийн тооцоолол хийх, сангийн эрсдэлийг үнэлэх, санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн хороог ажиллуулах зэрэг шинэ зохицуулалтыг тусгалаа.
Түүнчлэн нийгмийн даатгалын байгууллага, даатгалын ажилтнуудын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, үйл ажиллагаа нь ил тод, нийгмийн даатгалын тогтолцоонд итгэх олон нийтийн итгэл үнэмшлийг дээшлүүлэх зарчмыг хуулийн төсөлд тусгасан болно.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй уялдуулан 51 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм.
Хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг үр дагавар гарна гэж үзжээ. Үүнд:
- нийгмийн даатгалын үйлчилгээ цахим болж ажил олгогч, даатгуулагч нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай, ил тод, нээлттэй авах нөхцөл бүрдэнэ;
Нийт сэтгэгдэл (0)