Улсын Их Хурлын Тамгын газар, Олон Улсын Парламентын холбоотой (ОУПХ) хамтран Жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх парламентын өөрийн үнэлгээний бэлтгэл ажлыг хангах талаар семинарыг 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Семинарыг нээж УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг үг хэллээ. Тэрбээр, Жендэрийн мэдрэмжтэй хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх нь парламентын хөгжлийн чухал үзүүлэлт байдаг. Монгол Улсын хувьд 1924 онд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хүлээн зөвшөөрч эмэгтэйчүүдийн сонгох эрхийг баталгаажуулсан хэмээн онцоллоо.
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан үнэлгээнүүдээс харахад Монгол Улс дахь жендэрийн үзүүлэлт харьцангуй хоцрогдолтой байдаг. Тухайлбал, дэлхийн жендэрийн зөрөөтэй байдлын 2022 оны индекст Монгол Улс 146 орноос 70-р байранд орсон байдаг. Монгол Улсад 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсанаас хойш 12 жил өнгөрсөн. Гэтэл Монгол Улсын парламент дахь эмэгтэй төлөөлөл 17 хувьтай байна. УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэх Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн төрийн шууд болон шууд бус санхүүжилтийн хэлбэрүүдийг суулгах, квотыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгахаар ажиллаж байна гэлээ.
Өнөөдрийн семинарт УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын удирдлагууд, Монгол Улсад хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд хамтран ажиллаж, Монгол Улсад хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн тэгш байдлыг хангахад томоохон алхам болно гэдэгт Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд итгэж байна гэлээ.
“ОУПХ-ны Жендэрийн эрх тэгш байдлыг хангах мэдрэмжтэй парламентыг төлөвшүүлэх чиглэлээр хийсэн ажил”-ын талаар ОУПХ-ны Жендэрийн хөтөлбөрийн менежер Мариана Дуартэ танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Олон Улсын Парламентын Холбооны үндсэн зорилт гэдгийг онцолсон. Тус зорилтыг хэрэгжүүлэхэд ОУПХ-ны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрөөс баталсан бүтэц, бодлогын баримт бичгийг дагаж мөрддөг. Эдгээр баримт бичгийн нэг нь 2012 онд ОУПХ-ны гишүүн орнууд санал нэгтэй баталсан Жендэрийн мэдрэмжтэй парламентуудын үйл ажиллагааны төлөвлөгөө гэлээ. Төлөвлөгөө батлагдсанаас хойш хэд хэдэн парламент ажиллах арга барилаа эргэн харж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр шинэчлэл хийсэн. Төлөвлөгөө батлагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 10 дугаар сард Руанда Улсад болсон ОУПХ-ны 145 дугаар Ассамблейгаас Кигалийн тунхаглалыг баталсан. Монгол Улсын Их Хурал парламентын жендэрийн мэдрэмжтэй байдлын өөрийн үнэлгээг хийхийг зорьж байгаа нь цаг үеэ олсон үйл явдал хэмээн үзэж байна гэдгээ илэрхийллээ. Хатагтай Мариана Дуартэ үргэлжлүүлэн “Өөрийн үнэлгээ хийх арга зүй, түүнийг Монголын нөхцөлд тохируулах нь” сэдвийн хүрээнд танилцуулга хийсэн. Тэрбээр, спикер, парламентын зөвлөл, парламентын гишүүдийн бүлэг үнэлгээг хангалттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь чухал хэмээсэн. Санал болгож буй өөрчлөлтөд үндэслэлтэй, дэмжлэг авахуйц байхын тулд оролцоог хангасан байх шаардлагатай гэлээ.
Харин үргэлжлүүлэн “Хүний эрхийн өөрийн үнэлгээ хийх үйл ажиллагаа, үндсэн ойлголтууд”-ын талаар ОУПХ-ны Хүний эрхийн хөтөлбөрийн ажилтан Бутайна Ламхарзи танилцуулсан. Тэрбээр Хүний эрхийг хангаж, хамгаалах үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд парламент голлох үүрэгтэй гэж хэлсэн. ОУПХ-ны Хүний эрхийн өөрийн үнэлгээний аргачлал нь Олон Улсын хүний эрхийн хэм хэмжээ, механизмын талаар парламентын түвшинд хэр зэрэг ойлголт мэдлэгтэй байгаа, парламентын үйл ажиллагаа, журам, бүтцэд юуг хэрхэн тусгасан байгааг үнэлэхэд парламент болон түүний гишүүдэд туслах зорилготой хэмээлээ. Энэхүү үнэлгээг хийснээр Монгол Улсын Их Хурлын сайн туршлага, дутагдлыг олж тогтоох, хүний эрхийн талаар ойлголтоо нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа тусгах шаардлагатай хүний эрхийн асуудлуудыг тодорхойлох боломжийг олгоно гэдгийг илтгэлдээ танилцуулсан.
Хэлэлцүүлэгт оролцогчид жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх, парламентын өөрийн үнэлгээнд тусгах ёстой үйл ажиллагааны чиглэл болон бусад асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Илтгэгчид жендэрийн тэгш байдлын бий болгох нь аль нэг хүйсэд давуу байдлыг олгож байгаа хэрэг биш харин жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, жендэрийн мэдрэмжтэй төлөөлөл парламентад бий болгоход оршиж байгаа хэмээлээ.
Жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх парламентын өөрийн үнэлгээний бэлтгэл ажлыг хангах семинарыг хааж Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын парламентын холбоо харилцан ойлголцлын санамж бичгийг 2022 оны наймдугаар сарын 10-ны өдөр байгуулсан. Өнгөрсөн хугацаанд ОУПХ, УИХ-ын Тамгын газрын хоорондын хамтын ажиллагаа чухал үр дүнтэй арга хэмжээнүүд зохион байгуулсан. Тухайлбал, “Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцааны тухай Белградын зарчмууд” сэдэвт цахим хэлэлцүүлэг хийсэн. Энэ уулзалтын үр дүнд Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын харилцаа, хамтын ажиллагаанд тодорхой ахиц дэвшил гарсан гэж бид үнэлж байгаа. Харин өнөөдөр зохион байгуулж байгаа цахим семинарын үр дүнд Жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэхэд 2023 онд Улсын Их Хурал хоёр томоохон арга хэмжээ хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт хүний эрхийн өөрийн үнэлгээ хийнэ, хоёрдугаарт жендэрийн мэдрэмжтэй байдлын үнэлгээг хийнэ. Энэхүү ажлыг ОУПХ, үндэсний мэргэшсэн экспертүүдтэй хамтран хэрэгжүүлнэ. Энэ үнэлгээ бол Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын стратеги төлөвлөгөөний зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хөшүүрэг болно гэж итгэж байна гэлээ.
Жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх парламентын өөрийн үнэлгээний бэлтгэл ажлыг хангах цахим болон танхим хосолсон семинарт Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Жаргалмаа, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, Олон Улсын Парламентын холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн Үндэсний хорооны 100 гаруй албан хаагч оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв
Нийт сэтгэгдэл (0)