УИХ-аас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 онд баталсан. Ингэснээр томоохон арилжааны банкууд олон нийтэд нээлттэй ХК болох, бүх банкууд ХК хэлбэртэйгээр ажиллах, банкны хувьцаа эзэмшлийн дээд хязгаарыг 20 хувиар тогтоох, нэг банкны хувьцаа эзэмшигч өөр банканд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглох зэрэг заалтуудыг нэмж өгсөн билээ.
Хуулийн дагуу системд нөлөө бүхий 5 том банк энэ оны зургаадугаар сарын 30-ны дотор олон нийтэд нээлттэй ХК болсон. Мөн нэг жижиг банк хувьцаагаа олон нийтэд санал болгож, нээлттэй ХК болсон билээ. Мөн дараагийн ээлжинд бүх банк 2024 оны зургаадугаар сарын 30-ны дотор хувьцаа эзэмшлийн бүтэцдээ өөрчлөлт оруулж, нэг хувьцаа эзэмшигчийн эзэмшлийн дээд хязгаарыг 20 хувьд хүргэх ёстой. Гэвч энэхүү хуулийн зохицуулалт нь бодит амьдрал дээр төдийлөн нийцгүй, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахгүй байгаа аж.
Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Бодит байдал дээр 20 хувийн хязгаарлалт нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахгүй байна. Ялангуяа гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын зүгээс энэ хязгаарлалтаа ядаж энгийн хяналтын түвшинд буюу 34 хүртэлх хувиар тогтоож өгөх талаар хүсэлт ирүүлж байгаа. Мөн банкнуудын удирдлагууд ч энэ талаар санал дэвшүүлж байгаа. Иймээс бидний зүгээс хуулийн өөрчлөлтийн талаар судалж, ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлдэж байна” гэж МЭЗЧ-ы үеэр мэдэгдсэн юм.
Нийт сэтгэгдэл (0)