Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2023 оны долоодугаар сарын 20-ны өдөр болж, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.
НИТХ-аар Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ дэд төв орчмын 158 га, Сонгинохайрхан дүүргийн 7-10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошуу дэд төв орчмын 162 га талбайг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршлаар баталсан.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн явцад хариуцлагагүй аж ахуйн нэгжийн буруутай үйлдлээс болж төслийн ажлууд удаашрах, зогсох, иргэд хохирох тохиолдол гарч байна. Түүнчлэн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажлын санхүүжилт төсөвт тусгагдаагүйгээс үүдэн дэд бүтцийн хязгаарлагдмал байдал үүсээд байгаа юм. Иймд иргэдийг хохироохгүй, баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төслийг үр дүнтэй, жишиг байдлаар хэрэгжүүлэх зорилгоор дээрх хоёр байршилд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах эрхийг Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-д олгож, батламжлуулах саналтай байгаагаа уламжиллаа.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Сэлбэ дэд төв орчмын 158 га, Баянхошуу дэд төв орчмын 162 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-д олгож, батламжлахаар болов.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Нийт сэтгэгдэл (0)