УБЗАА-наас Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизмыг худалдан авах олон улсын нээлттэй тендерийг 2023 оны арваннэгдүгээр сарын 27-нд зарласан. Ийнхүү тендерийн материалыг 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны 11:30 цаг хүртэл хүлээн авч, тендерийн нээлтийг тус өдрийн 11:40 цагт нээхээр заасан юм. Энэ хүрээнд өнөөдөр хотын аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизм нийлүүлэх тендерийн материалыг олон нийтэд нээлттэй зарлалаа.
Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд тусгай зориулалтын машин механизмыг худалдан авах Үнэлгээний хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ:
-Нийслэлийн Засаг даргын 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ны А/1311 тоот захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх хотын аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизмыг худалдан авах эрхийг УБЗАА-д шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар тендерийн урилга, баримт бичиг боловсруулах, тендер хүлээн авах, нээх үйл ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх үүрэг бүхий хоёр Үнэлгээний хороо байгуулсан. Эхний Үнэлгээний хороо өнөөдөр уг тендерт ирсэн материалуудыг олон нийтэд нээлттэй нээж байна гэв.
Тендер шалгаруулалт нь зургаан багц ажлаас бүрдэж байгаа бөгөөд нийт 21 аж ахуйн нэгж тендерийн материал илгээжээ. Тодруулбал,
Ийнхүү тендерийн нээлтийн тэмдэглэлийг хэвлэн, Үнэлгээний хорооны гишүүдээр гарын үсэг зуруулж баталгаажуулснаар тендерийн нээлт дуусаж, эхний Үнэлгээний хорооны үйл ажиллагаа дуусаж байгаа юм. Хоёр дахь Үнэлгээний хороо тендерт ирсэн баримт бичгийг хуулийн хугацаанд сонгон шалгаруулна.
Дээрх зургаан багц ажлын хүрээнд тусгай тоноглол бүхий 70 техник хэрэгслийг худалдан авах бөгөөд хот нийтийн аж ахуйн ажлыг хөнгөвчлөх, шинэ төрлийн механизмууд байх юм.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
-Улаанбаатар хотын аж ахуйн ажил цаашид хувийн хэвшилд түшиглэн явна. Одоогоор нийт ажил үйлчилгээний 70 гаруй хувийг хувийн хэвшлүүд гүйцэтгэж байгаа. Үлдсэн 30 хувийг үе шаттайгаар хувийн хэвшлүүдэд шилжүүлэн гүйцэтгүүлнэ. Мөн өнөөдрөөс НЗДТГ, УБЗАА хот нийтийн аж ахуйн ажилд оролцож, гэрээ байгуулахгүй, дүүргүүдэд шилжүүлж байна. Тодруулбал, Хот тохижилтын газрын хариуцан ажилладаг 140 км зам талбай, гудамж цэвэрлэгээний ажлыг зургаан дүүрэгт шилжүүлэн өгсөн. Мөн эзэнгүй нохой, муур барих, гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ зэрэг ажлыг шилжүүлж, дүүрэг, хороод өөрсдийн нутаг дэвсгэрт хамаарах аж ахуйн ажлаа гардан гүйцэтгэх юм. Нийслэлийн зүгээс хот нийтийн аж ахуйн чиглэлээр бодлого боловсруулж, суурь судалгаа гаргах, үүрэг чиглэл өгөх, хяналт тавих болно. Энэ удаагийн тендерээр жилийн дөрвөн улиралд зам цэвэрлэгээ хийх зориулалт бүхий машин механизм, халиа тошин, үерийн гамшгийн үед ажиллах тоног төхөөрөмжүүдийг худалдан авч байгаа. Мөн ЕСБХБ-ны санхүүжилтээр хог дарж булах /ландфил/ зориулалт бүхий 28 тоног төхөөрөмжийг худалдан авсан. Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хот нийтийн аж ахуйн ажилд гар ажиллагааг багасгах бичил тоног төхөөрөмжүүдийг худалдан авч байгаа. Энэ мэтчилэн үе шаттайгаар тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж байна. Цаашид дүүргүүд болон хувийн хэвшлүүд тоног төхөөрөмжөө улам сайжруулан, шинээр худалдан авалт хийх ёстой хэмээв.
Сонгон шалгаруулалтаар шалгарсан аж ахуйн нэгж гэрээ байгуулснаас хойш 60 хоногийн дотор тоног төхөөрөмж нийлүүлэх юм.
Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизм нийлүүлэх барааны тоо хэмжээ, техникийн тодорхойлолттой хавсралтаар танилцана уу.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийт сэтгэгдэл (0)