Инфляц

Бодлогын хүү

“2024 оны хүнс, хөдөө аж ахуйн даян дэлхийн чуулга” уулзалтад оролцлоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны нэг дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо жил бүр зохион байгуулагддаг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн сайд нарын түвшний “2024 оны Хүнс, хөдөө аж ахуйн даян дэлхийн чуулга” уулзалтад оролцлоо.

Айлчлалын хоёр дахь өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын Үйл ажиллагаа хариуцсан захирал ноён Гүнтэр Бэгер тэргүүтэй төлөөлөгчдтэй хоёр талт уулзалт хийв. Уулзалтын үеэр талууд Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны ололт, амжилтыг онцлон тэмдэглэж, цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн гэдгээ онцлон тэмдэглэв. 2024 оны 07 дугаар сард Монголын эдийн засгийн форум зохион байгуулагдах үеэр НҮБ-ын АҮХБ-ын удирдлагуудыг Монгол Улсад айлчилж, дээрх арга хэмжээнд оролцохыг урилаа.

Дараагаар дэд сайд М.Ганхүлэг тэргүүтэй төлөөлөгчид Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан (ХААХОУС)-ийн Дэд ерөнхийлөгч доктор Жерардин Мукашимаратай уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар, ХААХОУС хоорондын түншлэлийн хүрээнд тогтвортой үйлдвэрлэлийн сайн туршлагыг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөдөө аж ахуйн тогтолцоог бий болгоход гол хүч, анхаарлаа төвлөрүүлж ирсэн, малчид, хоршооллуудыг дэмжиж, тэдгээрийн зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулсныг дэд сайд сайшаан онцолсон.

Талууд ХААХОУС-ын санхүүжилтээр амжилттай хэрэгжиж ирсэн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн 2 дугаар үе шатыг санхүүжүүлэн хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах, Монгол Улсын Засгийн газрын ХААХОУС-ын өмнө хүлээсэн үүргийн талаар санал солилцож, ажиллалаа.

Мөн өдөр нь Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс (ДБНУУ)-ын Мал аж ахуй, хөдөө аж ахуй, загас агнуурын сайд Фернандо Мэттоз тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууныг ойрын хугацаанд ДБНУУ-д ажлын айлчлал хийх, мал, амьтны эрүүл мэнд, мөшгөх тогтолцоо, бүртгэлжүүлэлт, хамгаалалттай аж ахуй, эрүүл бүс, хүнсний үйлдвэрлэл болон инновац, судалгааны хамтын ажиллагааг бий болгох чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар болов.

2024 оны 01 дүгээр сарын 19-ий өдөр мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Ахлах эдийн засагч, захирал ноён Максимо Тореро-той уулзалт зохион байгуулав. Монгол Улс НҮБ-ын ХХААБ-д нэгдэн орсны 50 жилийн ойг 2023 онд тэмдэглэсэн, тус байгууллагын манай орны хүнс, хөдөө аж ахуйн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, дараагийн 50 жилийн ажлын төлөвлөгөөний талаар талууд санал солилцож ажиллалаа.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын зүгээс Монгол Улсыг дэмжин 2024 оныг “Олон улсын тэмээний жил”, 2026 оныг “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” болгон зарласан холбогдуулан Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй бэрхшээлийг үнэлэн тогтоох, даван туулах арга зам, шийдлийг хамтран боловсруулж, Монгол Улсын Засгийн газартай хамтран хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг ойрын хугацаанд гаргаж ажиллахаар тохиролцов.

Эх сурвалж: ХХААХҮЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.