Инфляц

Бодлогын хүү

Монгол Улс нүүрсний экспортын дээд амжилтаа дахин давуулах боломжтой

Өнгөрөгч 2023 онд Монгол Улс БНХАУ-д 66.7 сая тонн нүүрс экспортолж, ковидын өмнөх дээд амжилт буюу 37 сая тонноос 80 хувиар давуулсан. Нүүрсний экспортын ийнхүү өссөнөөр өнгөрч онд манай улсын төлбөрийн тэнцэл болон урсгал данс сүүлийн 20 гаруй жилд анх удаа ашигтай гарлаа. Тодруулбал, төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.доллар, урсгал данс 467 сая ам.долларын ашигтай гарсан билээ. Төлбөрийн тэнцэл болон урсгал дансны ашиг нь Монголд ам.доллар улам л элбэгшиж буйн илрэл болдог. Тэр хэрээр төгрөгийн ханш тогтворжиж, өнгөрөгч онд ам.долларын эсрэг 1 хувиар чангарчээ.  

2023 онд юу болов

Том зургаар харвал 2023 онд БНХАУ “Тэг ковид” бодлогын хязгаарлалтаа сулруулж, хилээ нээсэн. Мөн Австрали улсаас авах нүүрсний хэмжээгээ бууруулж, зөрүүг Монгол болон ОХУ-аас хангах бодлого баримталжээ. Энэ хугацаанд Монгол Улс нүүрсний экспортын дэд бүтцээ сайжруулж, үнийн хувьд өрсөлдөх чадвараа сайжруулсан. Ингэснээр Монгол нүүрс Австралийнхаас 50 хувь, ОХУ-ынхаас 20 орчим хувиар хямд борлуулагдах боломжтой болсныг Ройтерс агентлаг мэдээлжээ. Тус улсын эрх баригчид цаашид ч Монгол Улсаас ахиу нүүрс импортлохыг зорьж буй бөгөөд үүний тул Монгол Улстай хиллэдэг Ганц Мод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 5.58 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Нүүрсний салбарын их өсөлт 2023 онд Монголын хувьд тус салбарын томоохон компаниудын хувьцааны үнэ дээр ч тусгалаа олсон. Тодруулбал, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй MMC (Mongolian mining corporation) хувьцааны ханш 2023 онд 3 дахин, дотоодын хөрөнгийн биржид бүртгэлтэй TTL (“Тавантолгой” ХК)-ийн хувьцааны ханш 2 дахин өссөн юм.

2024 он: Хөрөнгө оруулагчдын хүлээлт эерэг байна  

Шинжээчид Монгол Улсын БНХАУ-д экспортлох нүүрсний хэмжээ 2024 онд өмнөх оноос дахин 10 гаруй хувиар өсөх боломжтой гэж хүлээж байна. Үүнд нүүрсний үнээс гадна Монгол Улсын нүүрсний тээврийн салбарт хийж буй хөрөнгө оруулалт, дэд бүтцийг сайжруулж буй хөрөнгө оруулалт нөлөөлж байгаа аж. Монгол Улсын Засгийн газар өнгөрөгч онд гадаад өр, төлбөрийн оновчтой зохицуулалтыг хийж, 8.66 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай 650 сая ам.доллар,  8.875 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатай, 350 сая ам.долларын бондыг гаргасан. Үүгээр 2024, 2025 онд төлөгдөх өр төлбөрүүдийг дахин санхүүжүүлж, ойрын хоёр жилд томоохон өр, төлбөргүй болсон нь хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэлийг нэмэгдүүлэх бас нэг хүчин зүйл болж буй аж.

Гадаад валютын нөөц 36.2%-иар нэмэгдэв

2024 оны 1 дүгээр сарын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад валютын нөөц 4.85 тэрбум ам.долларт хүрч, жилийн өмнөхөөс 1.29 тэрбум ам.доллароор буюу 36.2 хувиар өслөө. Үүнтэй зэрэгцэн төгрөгийн ханш зах зээлийнхээ жамаар буюу ам.долларын урсгал нэмэгдэхтэй зэрэгцэн чангарч эхэллээ.  Тодруулбал, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2023 онд 1 хувь, он гарснаас хойш нэгдүгээр сарын эцсийн байдлаар 0.3 хувиар тус тус чангарав. Тоон утгаар харвал ам.долларын ханш 2023 оны 3 дугаар сард төгрөгийн эсрэг 3528 төгрөгт хүрч байсан бол одоо 3394 төгрөгт хүрч, буурчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.