Инфляц

Бодлогын хүү

Иргэн төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний үр дүнг хэлэлцлээ

Иргэдэд төрөөс үзүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг үр дүнтэй, оновчтой болгох зорилгоор Иргэн төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд Профайлингийн аргазүйг ХНХЯ-наас 2022 оноос эхлэн нэвтрүүлэн ажиллаж байна. Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй тус ажлын үр дүнг өчигдөр салбарын оролцогч талуудад танилцууллаа.  

“Профайлинг” хэмээн олон улсад нэрлэдэг энэхүү үйлчилгээний хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнүүд ажил хайгчдын хөдөлмөр эрхлэх ур чадвар, бэлэн байдыг үнэлдэг бөгөөд улмаар шаардлагатай ур чадварын сургалт, зөвлөгөө өгөх; тухайн иргэний хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөгөөг хамтран боловсруулан, хэрэгжүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлд нэгдэх боломжийг нь нэмэгдүүлдэг юм. Өөрөөр хэлбэл ажил хайгч иргэдийн хөдөлмөр эрхлэх сэдэл сонирхол, нөөц боломж, ур чадвар зэрэг хүчин зүйлсийг ярилцлагын аргаар үнэлж тухайн иргэнд тохирсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээг тодорхойлон, түүнийгээ иргэнтэй хамтран хэрэгжүүлснээр цалин хөлстэй, тогтвортой хөдөлмөр эрхлэлтэд хүргэхэд чиглэдэг. Харин бодлогын түвшинд, энэхүү үйлчилгээний үр дүнд бүрдсэн дата мэдээлэл дээр үндэслэн ирээдүйн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээг орон нутгийн онцлогт нийцүүлэн төлөвлөх, төсөвлөх, хуваарилахад ашиглах боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ажилладаг 560 гаруй мэргэжилтэн уг үйлчилгээг үзүүлэх сургалтад хамрагдаж, улмаар нийт 19400 иргэний профайлингийн үнэлгээг хийсэн байна. Үүнээс 8494 иргэнд хөдөлмөр эрхлэлтийн хувийн төлөвлөгөөг хамтран боловсруулж улмаар Ажил мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөрт бэлтгэх сургалт, ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, түр ажлын байр болон ажилд зуучлах үйлчилгээг үзүүлэн нийт 608 иргэнийг ажилд зуучлан, 330-иргэнийг дараагийн шатны үйлчилгээ, арга хэмжээнд хамруулсан байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээг иргэн төвтэй төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг болгон хөгжүүлж, үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: ХНХЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.