Уул уурхай, ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулдаг салбарын шилдэг эмэгтэйчүүдийг тодруулах “Outstanding women in mining awards 2024” арга хэмжээ өчигдөр /2024.03.27/ боллоо. Тус ёслолын ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга оролцож, салбарын эмэгтэйчүүдэд хандан мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрээр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Монгол улсад 1.2 сая ажиллах хүчин төр, хувийн хэвшилд ажиллаж байгаагаас уул уурхайн салбарт 67 мянга орчин хүн ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 46.5 хувийг үйлдвэрлэж байна.
Уул уурхайн салбарт ажиллаж буй нийт ажилчдын 13 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд эмэгтэйчүүд бол иргэний нийгмийн хүчтэй хэсэг, тэр дундаа эрдэс баялгийн салбарын бүсгүйчүүд энэ цаг үеийн бахархал болсон баялаг бүтээгчид юм.
Уг арга хэмжээ нь уул уурхайн нэмүү өртгийн сүлжээнд ажиллаж буй эмэгтэйчүүд, ирээдүйд уул уурхайн салбарт хүчин зүтгэх гэж хүсэж, тэмүүлж байгаа эмэгтэйчүүдийг алдаршуулах, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.
Салбарын мянга мянган эмэгтэйчүүдийн идэвх, оролцоотойгоор салбарын Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмэр байнга өсөн дээшилж байна гэдэгт бат итгэлтэй байгаа төдийгүй та бүхний эрх, ажиллах нөхцөл боломж, нийгмийн баталгааг хангах чиглэлээр яамны зүгээс шаардлагатай бүхий л бодлого, шийдвэрийг гарган ажиллах болно гэдгийг тэмдэглэн хэлэв.
Ёслолын ажиллагаагаар Өсөх ирээдүйтэй эмэгтэй, Дэмжлэг үзүүлэгч алба, хэлтсийн оны шилдэг эмэгтэй, Шилдэг эмэгтэй инженер, техникийн мэргэжилтэн, Жендэрийн тэгш эрхийг дэмжигч, Оны шилдэг эмэгтэй гэсэн 5 номинацийн эзнийг тодруулж, шагнал гардуулсан юм хэмээн Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Нийт сэтгэгдэл (0)