Инфляц

Бодлогын хүү

Гадаад валютын улсын нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрлээ

Гадаад валютын улсын нөөц гуравдугаар сарын эцэст 5.2 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Нөөцийн хэмжээ ийнхүү нэмэгдэхэд банкны системээр дамжин орж ирэх гадаад валютын цэвэр дотогшлох урсгал сайжирсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр хадгалагдсан зэрэг үзүүлэлтүүд нөлөөлжээ. Гадаад валютын улсын нөөц ийнхүү нэмэгдсэнээр импортын 7-8 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч, нэмэгдлээ.  

 Мөн Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан үнэт металлын хэмжээ оны эхний гурван сард 3.4 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 52 хувиар өсөв. Алт худалдан авалт нэмэгдэх нь валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй билээ. Нөгөө талаас гадаад валютын нөөц нэмэгдэхтэй зэрэгцэн төгрөгийн ам.доллартой харьцах ханш ч аажмаар чангарч байна. Тодруулбал, ам.долларын ханш оны эхнээс төгрөгийн эсрэг 1 орчим хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 орчим хувиар суларч, төгрөг эсрэгээрээ чангарч эхлээд байгаа юм.

Түүнчлэн цаашид төлөгдөх томоохон өр, төлбөрүүдийн хувьд ч Засгийн газар зохицуулалт хийснээр гарах урсгалын дарамтыг бууруулаад байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас 2024 онд төлөгдөх хуваарьтай томоохон гадаад бондыг дахин санхүүжүүлж, эргэн төлөлтийг хойшлуулаад буй билээ.

Гадаад валютын улсын нөөц нэмэгдэх нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх замаар хувийн хэвшлийн санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлын хөшүүрэг, нэг баталгаа болдог.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.