Инфляц

Бодлогын хүү

"Дөл" цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулан, аваргуудаа шалгарууллаа

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, цэрэг-спортын "Дөл" цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулан, аваргуудаа шалгарууллаа. Уг тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад эх оронч үзэл, хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, сэтгэлзүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох зорилготой.

Уг тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн 1400 гаруй ахлах ангийн сурагч хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин оролцсоноос есөн сургуулийн багууд эхний байруудад шалгарч, тэмцээний хоёрдугаар шалгаруулалтыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн материаллаг баазыг түшиглэн дөрөвдүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулсан юм.

Ийнхүү тэмцээний нийлбэр дүнгээр:

  • Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 118-р сургуулийн “Сүлд” тасаг тэргүүн байр, 
  • Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109-р сургуулийн “Тусгай тасаг” тасаг дэд байр, 
  • Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн “Дайчин” тасаг гутгаар байр, 
  • Чингэлтэй дүүргийн 24-р сургуулийн “Хар сүлд” тасаг тусгай байранд тус тус шалгарлаа. 

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт:

Дэлхий нийтийг хамарсан цар тахал болон 2022 онд зохион байгуулагдсан улсын аварга шалгаруулах “Дөл” цэрэг-спортын тэмцээний улмаас сүүлийн дөрвөн жил завсарлаад байсан нийслэлийн аварга шалгаруулах Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” тэмцээн тодорхой хэмжээнд хүлээлт үүсгэсэн нь илхэн байна. НЗДТГ-ын Цэргийн штабын хувьд уг тэмцээнийг гардан зохион байгуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөн, тэмцээнээс гарах үр дүнг тооцож, дараа дараагийн арга хэмжээгээ төлөвлөдөг. Тухайлбал, ирэх тавдугаар сард Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний ойг угтан уг ажиллагааны ач холбогдлыг таниулах арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ жилийн нийслэлийн аваргын цомын эзэд ирэх жил улсын хэмжээний аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй гэдгээрээ онцлогтой.

Багануур дүүргийн "Боловсрол" цогцолбор сургуулийн сурагч А.Эрхэмбаяр:

Би 2022 онд Сонгинохайрхан дүүрэгт суралцдаг байхдаа анх удаа улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл” тэмцээнд оролцон, тэргүүн байранд шалгарч байсан удаатай. Харин энэ удаад Багануур дүүрэгт тасгийн ахлагчаар томилогдон, дүүргээсээ шалгарч, нийслэлд өрсөлдөж буйдаа баяртай байна. Уг тэмцээнд оролцох гэж удаан хугацаанд бэлдсэн, мөн бусад оролцогчид ч сайн бэлдсэн харагдаж байна. Тэр хэрээр өрсөлдөөн гарж, тэмцээний чанар жил ирэх бүр сайжирч байгаа нь сайшаалтай.

Налайх дүүргийн 119-р сургуулийн сурагч Н.Нямцоож:

Би уг тэмцээнд гурав дахь жилдээ оролцож буй. Анх 2022 онд оролцохдоо тасгаараа нийт багаас 11 дүгээр байранд, ганцаарчилсан төрөлд хоёрдугаар байранд шалгарч байлаа. Энэ жил тасгийн захирагч болон оролцож буйдаа баяртай байна. Уг тэмцээнээр дамжуулан эх оронч үзэл, багаар ажиллах ур чадвар, тэсвэр хатуужил, цаг баримтлах зэрэг чадварыг суулгасан. Мөн хамгийн гол нь ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэн, армид ажиллахаар шийдэх шийдвэрт минь томоохон түлхэц болсон.

Баянгол дүүргийн "Оюуны ундраа" цогцолбор сургуулийн сурагч Б.Амгаланбаатар:

Уг тэмцээн нь энгийн спортын тэмцээнээс ялгаатай нь цэргийн дэг жаягийн дагуу зохиогддог. Тухайлбал, тасгийн хамт олны жигдрэлт, жагсаалын үзүүлэлт, 16 тоот дасгал, бие бялдараа хөгжүүлэх гранат шидэлт, бууны задаргаа, угсраа, сумалгаа зэрэг олон ур чадварыг сорьдогоороо онцлогтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.