Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Үндэсний баялгийн санд өнөөдрийн байдлаар 4 их наяд төгрөгийн хуримтлал үүсээд байна. Үүнээс 495 тэрбум төгрөг нь иргэдийн нэрийн дансанд мөнгөжсөн. Үүнийг иргэн бүртээ хуваавал нэг иргэнд 135 мянган төгрөгийн хуримтлал үүссэн гэсэн үг.
Баялгийн сан мөнгөжиж байгаа учраас олон улсад менежментийг нь гаргах байгууллагыг байгууллаа. Чингис хаан нэршлээр олон улсад танигдана. Норвеги, Казахстан улсын Баялгийн сан яаж ажилладаг вэ, тэр жишгээр ажиллана. Сангийн яам, Монголбанк, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран нэг жилийн хугацаанд сайн ажилласан байна.
Хуримтлалын санг арвижуулах байдлаар захиран зарцуулах эрх нээгдэж байна. Иргэд хуримтлалын мөнгөө E-Mongolia цахим платформоор дамжуулан дансаа шалгаж үзнэ. Карт хэлбэрээр иргэд баталгаажуулж авч болно. Энэ мөнгийг бэлнээр зарцуулахгүй, хугацаатай хадгаламж. Бэлэн бусаар буюу эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулагдана. Орон сууцжуулалт дээр ипотекийн хүү өндөр байсан бол он гараад залуу гэр бүлийг дэмжих багц зарлана. Хүү байхгүй эх үүсвэр өнөөдрөөс бүрдэж эхэлж байна гэж ойлгож болно. Баялаг ашиглах тусам хуримтлал нэмэгдэнэ.
Нэг жилийн хугацаанд 135 мянган төгрөг гэдэг эхлэлийн хувьд боломжийн санхүүжилт. Хуримтлалтай Монгол байх агуулга руу сан төвлөрөөд явна” гэв.
Нийт сэтгэгдэл (0)