Инфляц

Бодлогын хүү

Дэлхийн банк: “Тэг ковид” бодлогын нөлөөгөөр Азийн улс орнуудын эдийн засгийн идэвхжил саарна

Хятадын “Тэг ковид” бодлого нь Азийн улс орнуудын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг Дэлхийн банкны “Зүүн Ази, Номхон далайн эдийн засгийн төлөв” тайлангийн 4-р сарын дугаарт онцолсон байна. Эдийн засгийн нөлөөллийг “Оксфорд Экономиксийн загвар”-ыг ашиглан тооцоолсон бөгөөд дэлхийн эдийн засагт 0.2 хувь, Хятадын эдийн засагт 0.6 хувь, Азийн улс орнуудад 0.1-0.6 хувийн сөрөг нөлөөллийг үзүүлэхээр байна (Зураг 1).

Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл:

 

 “Тэг ковид” бодлогын сөрөг шок Хятадын нийт эдийн засгийг 0.6 хувиар бууруулах нөлөөтэй гэжээ. Хатуу хөл хорио нь хувийн хэрэглээг сааруулах бөгөөд сөрөг шок нь 2022 оны 1-р улиралд хүчтэй мэдрэгдэж, 2-р улирлын сүүлч гэхэд бүрэн сэргэнэ гэж таамаглажээ. “Тэг Ковид” бодлогын эдийн засгийн нөлөөллийг тоон утгаар илэрхийлбэл, дараах байдалтай байна. Үүнд:

 

  • Хувийн секторын хэрэглээ 2022 оны 1 дүгээр улиралд 3 нэгж хувиар буурч, нийт эрэлт агшина.

  • Хөрөнгө оруулалт 1.3 нэгж хувиар буурч, эдийн засгийн хэмжээ омикрон хувилбарын ямар нэгэн давалгаагүй үеийн суурьтай харьцуулахад нэгж 1.6 хувиар буурна.

  • Эдийн засаг 2022 оны 2 дугаар улирал гэхэд сэргэх хэдий ч омикрон хувилбаргүй үеийн сууриас 0.5 нэгж хувиар доогуур байх болно.

  • 2022 оны 4 дүгээр улиралд эдийн засаг хэвийн түвшин рүүгээ нэлээд ойртож, бараг л бүрэн сэргэнэ.

 

Бүс нутгийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл:

 

“Тэг ковид” бодлого Ази -Номхон далайн бүс нутгийн орнуудаас Мьянмар улсын эдийн засагт хамгийн хүчтэй буюу ойролцоогоор -0.57 нэгж хувийн нөлөөтэй байхаар байна. Мөн хөрш зэргэлдээ Монгол Улсын хувьд -0.38 орчим нэгж хувиар сөрөг нөлөө үзүүлэхээр байгааг тооцоолжээ.

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засагт үзүүлэх шокын нөлөө бусад хөгжиж буй улс орнуудаас илүү хүчтэй тусах дүр зураг ажиглагдаж байгаа юм. Сөрөг шокын нөлөө 2022 оны эхний улиралд Азийн хөгжиж буй улс орнуудад хүчтэй мэдрэгдэх бол 2-р улиралд харьцангуй намжихаар байгаа аж. Гэхдээ Бүс нутагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл нь харьцангуй жижиг, уул уурхайн экспорт болон аялал жуулчлалд суурилсан улс орнуудад хамгийн хүчтэй нөлөөлнө гэдгийг тооцсон байна.

 

Эх сурвалж: Дэлхийн банк – “Зүүн Ази, Номхон далайн эдийн засгийн төлөв” тайлан. /2022.04/

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.