Инфляц

Бодлогын хүү

Эбола вирусийн тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор Уганда улс хөл хорио тогтоов

Эбола вирусийн халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан эрсдэл өндөртэй хоёр дүүрэгт гурван долоо хоногийн хөл хорио тогтоох тухай Уганда улсын Ерөнхийлөгч Йовери Мусевени зарлалаа.

Тухайлбал, Мубенде, Кассанда дүүрэг рүү орох гарах бүх хөдөлгөөнийг зогсоосон ба зөвхөн ачаа тээвэрлэх машинуудад л зөвшөөрөл олгох аж.

Хөл хорионы хүрээнд сүм, хийд, баар, спорт заал, сауныг хааж, урлаг, спортын үйл ажиллагааг түр хязгаарлана. Харин сургуулиуд хэвийн ажиллана.

“Цаг үеийн ноцтой байдлыг харгалзан, вирус цааш тархаж олон голомт үүсгэхээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, амьжиргааг хамгаалахын тулд засгийн газраас шаардлагатай бүхий л нэмэлт арга хэмжээг авч байна” хэмээн тус улсын Ерөнхийлөгч Мусевени яриандаа дурджээ.

Угандагийн эрүүл мэндийн яам орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай нарийн уялдаатай ажиллаж, тусламж үзүүлэх ажлыг эрчимжүүлэхээр зорьж буй аж.

Эбола бол маш ховор, үхлийн аюултай өвчин юм. Энэ нь өвчилсөн хүний биеэс гадагшилсан шингэнээр дамжиж халдварладаг. Харин агаар дуслын замаар халддаггүй хэмээн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) мэдэгдэв. Энэ өвчинд батлагдсан эмчилгээ байхгүй бөгөөд эрдэмтэд тохирох вакциныг гаргаж авч чадаагүй байна.

Гэхдээ эдгээр ажлыг эрчимжүүлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж буй талаар АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв онцлон мэдээлжээ.

Угандад өмнө нь эбола вирусийн дөрвөн удаагийн дэгдэлт гарч байсан юм. Аюул дагуулж хамгийн олон хүн нас барсан нь 2000 онд болсон ба 200 гаруй хүн эбола вирусээр өвчилж, нас барсан юм.

Харин одоогийн байдлаар эбола вирусийн 63 тохиолдол илэрч, 29 хүн нас бараад байна.

Эбола вирусийн халдвар авсан хүнд халуурах, толгой өвдөх, булчин, үе мөч өвдөх, ядрах, хоолны дуршил буурах, ходоод гэдэсний замын шинж тэмдэг, шалтгаан тодорхойгүй цус алдалт зэрэг илрэхээс өмнө халдвар тархдаггүй гэдгийг АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: CNN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.