Инфляц

Бодлогын хүү

Шольц: Орос улс найдвартай худалдааны түнш нэгэнт биш болсон

Герман улсын канцлер Олаф Шольц тус улс Оросын байгалийн хийн нийлүүлэлтээс хамааралгүй болсноо өчигдөр зарлажээ.

“Европ даяар хийн хэрэглээгээ 15 хувиар танах зорилгыг биелүүлж чадсанаа зарлаж байгаад таатай байна. Энэ бол Европын эв нэгдэлд болон Оросын хийгээс ихээхэн хамааралтай байсан манай улсын хувьд маш чухал ач холбогдолтой мэдээ юм” гэж Шольц өчигдөр Бундестагт үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

“Бид хамааралтай байсан. Харин одоо бид энэ хамаарлаас чөлөөлөгдөж, ирэх өвлийг сайн бэлтгэлтэйгээр угтаж байна” гэж канцлер хэлжээ.

Шольц энэ үеэр эрчим хүчээ хэмнэсэн Германы ард иргэдэд талархал илэрхийлсэн юм.

“Одоо бид хийн хэрэглээний таналтаа 20 хувьд хүргэхийг зорьж байна. Бидний хэмнэсэн киловатт цаг бүр эрчим хүчний аюулгүй байдлыг маань нэмэгдүүлж байгаа юм” гэж тэр хэлжээ.

Дараа нь тэр эрчим хүчний нийлүүлэлтээ зэвсэг болгон ашиглаж буй Москвагийн эрх баригчдыг шүүмжилсэн юм.

“Балтын тэнгисийн Умард Урсгал, Умард Урсгал 2 дамжуулах хоолойнуудад осол гарахаас аль эрт Орос улс тодорхойгүй шалтгаанаар хийн нийлүүлэлтээ зогсоогоод байсан юм. Тиймээс Путиний Орос найдвартай худалдааны түнш нэгэнт биш болсон” гэж Шольц мэдэгджээ.

Украины газар нутагт Оросын цэрэг халдан довтолсноос хойш Герман улс Оросын эрчим хүчнээс хамаарлаа бууруулах арга хэмжээнүүдийг авч эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд хийн нөөцөө өөр эх үүсвэрээс бүрдүүлэх, хэрэглээгээ танах зэрэг арга хэмжээнүүдийг авснаар ирэх өвлийг давах хэмжээний хуримтлалтай болсон байна.

 

Эх сурвалж: ТАСС

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.