Инфляц

Бодлогын хүү

Монгол Улсын 2023 оны төсвийг баталлаа 

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсөв, Нийгмийн даатгалын сангийн тухай хууль төсөл, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 19 их наяд 49.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.9 хувь, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, алдагдал 1 их наяд 425.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.6 хувьтай тэнцүү байна. УИХ төсвийг хэлэлцэх явцдаа өргөн барьсан төсвийн алдагдлыг 127.6 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Ийнхүү хэмнэсэн эх үүсвэрээр “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг үргэлжлүүлж, хүүхэд хамгааллын төсвийг нэмэгдүүлжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын 2023 оны төсөв батлагдсантай холбогдуулан үг хэлэв. Тэрбээр “Төсвийн алдагдлыг 127.6 тэрбум төгрөгөөр бууруулсан, зардлыг бууруулсан, хэмнэсэн эх үүсвэрээр гэр хорооллын айл өрхүүдэд эрчим хүчний хөнгөлөлт эдлүүлнэ. "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр зогссон байсныг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Хүүхэд хамгаалах зардлыг нэмэгдүүлсэн. Боомт, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлсэн. Боловсрол, эрүүл мэндийн төсвийг тэргүүн ээлжинд шийдлээ.

Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг нээлттэй болгох зорилгоор нэгдсэн цахимд оруулах, нүүрсний хулгайтай тууштай тэмцэх зорилгоор ард түмэнд мэдээлэх үүргээ хэрэгжүүлэх боломжтой боллоо. Хувьцаат компаниудын хяналтыг сайжруулж чадлаа. 

УИХ-аас баталсан энэхүү өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай. Хэрэгжилтийг нь хангуулж, ажиллахад УИХ-ын Төсвийн байнгын хороо сар, улирал бүр сонсгол зохион байгуулахаар хуульчиллаа" гэсэн юм. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.