Инфляц

Бодлогын хүү

Европын Парламентын дэд ерөнхийлөгч "Катар 2022 ДАШТ"-тэй холбоотой авлигын хэргээр баривчлагджээ

Бельгийн мөрдөгчид гэрээс нь цүнхтэй бэлэн мөнгө илрүүлсний дараа Европын Парламентын дэд ерөнхийлөгч, Грекийн социалист улс төрч Эва Кайли баривчлагджээ.

 

Хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж буй Катар улсын албаныхан Европын Холбооны улс төрчдөд авлига өгсөн байж болзошгүй хэргийн мөрөөр шалгаж байгаад дээрх мөнгийг илрүүлсэн байна.

 

 Кайли нь Катар улсын засгийн газрын хэрэгжүүлж буй хөдөлмөр, нийгмийн хамгааллын шинэчлэлийг ил тод дэмжигчдийн нэг юм. Авлигын хэрэгт Европын улс төрчдөөс дөрвөн хүнийг сэжигтнээр татаад байгаагийн нэг нь тэр болжээ.

 Бельги улсын холбооны прокурорын алба дөрвөн сэжигтний нэрийг зарлаагүй ч Эва Кайли тэдний нэг болох нь батлагдаад байна. Түүний гэрээс мөрдөгчид 600,000 евро бэлнээр олжээ.

 

 2022 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж буй Катарын эрх баригчид энэхүү том арга хэмжээний бүтээн байгуулалтад ажилласан цагаач ажилчидтай зүй бусаар харьцсанд буруутгагдаж байгаа.

 

Энэхүү дуулианыг дарж, нэр төрөө сэргээхийн тулд Катарын албаныхан Европын улс төрчдөд авлига өгсөн гэгдэж байна.

 

Эва Кайли нь ДАШТ эхлэхийн өмнө Катарт айлчилж ирснийхээ дараа тус улсын “хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлд гаргаж буй амжилт”-ыг магтаж байжээ.

 

Энэ долоо хоногт Францын Страсбург хотод болох Европын Парламентын нэгдсэн чуулганы үеэр Катарыг тойрсон авлигын хэрэг гол сэдэв болох төлөвтэй байна.

 

Европын Холбооны эдийн засгийн комиссар Паоло Жентилони өчигдөр Италийн RAI сувагт ярилцлага өгөхдөө уг хэрэг “парламентын нэр хүндийг ноцтой унагах хор уршигтай” болохыг онцолжээ.

 

Кайли одоогоор парламентын дэд ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч, жирийн гишүүн болоод байгаа гэнэ. Европын Парламентын гишүүд эрүүгийн хариуцлага хүлээхээс хамгаалагдсан халдашгүй статустай байдаг юм.

 

 

  Эх сурвалж: AFP

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.