Инфляц

Бодлогын хүү

Путин үнийн дээд хязгаарыг дагасан улс орнуудад газрын тос нийлүүлэхийг хориглов

Өрнөдийн орнуудын тогтоосон үнийн дээд хязгаарыг дагаж мөрдсөн улс орнуудад газрын тос нийлүүлэхийг хориглох зарлигт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр гарын үсэг зуржээ.

 

“Оросын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг гадаадын хуулийн этгээд, хувь хүмүүст нийлүүлэх гэрээнд үнийн дээд хязгаарыг шууд болон шууд бус утгаар ашиглахыг хориглож байна” гэж тус зарлигт өгүүлсэн байна.

 

Зарлиг ирэх оны хоёрдугаар сарын 1-ээс эхлэн долоон сарын 1 хүртэл хэрэгжихээр болжээ.

 

 Мөн Владимир Путиний тусгай зөвшөөрлөөр зарим нэг улс орон, хуулийн этгээдийг уг хоригоос чөлөөлж болохыг заасан байна.

 

Энэ сарын эхээр Европын Холбоо, Их Долоогийн бүлэг, Австрали улс далайгаар тээвэрлэгдэх Оросын газрын тосны баррелийн үнийг $60-оос хэтрүүлэхгүй байх хязгаарыг тогтоосон юм.

 

Энэ нь нэг талаас дэлхийн зах зээлд газрын тосны үнийн өсөлтийг хязгаарлах, нөгөө талаас Украинд явуулж буй Оросын дайны санхүүжилтийг хязгаарлах зорилготой байв.

 

Хэрвээ дээрх хязгаараас өндөр үнээр газрын тос худалдаж авбал Өрнөдийн эдийн засгийн хоригоор шийтгүүлэх эрсдэлтэй юм.

 

Тухайн үед Оросын эрх баригчид үнийн дээд хязгаар Украин дахь дайны ажиллагаанд нь нөлөөлөхгүйг мэдэгдээд шинэ худалдан авагч олж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байжээ.

 

 Эх сурвалж: AFP

 

                                                                                                                  Болор дурангаар шалгав

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.