Дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Зимбабвед сүүлийн жилүүдэд пүүл биллиард эрчимтэй хөгжих болжээ. Нэг үе зөвхөн баячуудын тоглоомд тооцогддог байсан пүүл биллиард одоо хамгийн түгээмэл тоглоом болсон байна.
Жишээлбэл ажил, сургуульгүй 18 настай Левите Чисакарите нийслэл Хараре хотын шилдэг тоглогчдын нэг болжээ. Ар гэрээ тэжээх зорилготой тоглож эхэлсэн тэр одоо бүх цагаа бооцоотой биллиард тоглож өнгөрөөдөг ба хамгийн сайн сардаа $300 олдог гэнэ.
Энэ бол 15 сая орчим хүн амынх нь бараг тал хэсэг нэн ядуу нөхцөлд амьдардаг Зимбабве улсын иргэдийн хувьд их хэмжээний орлого юм. Тус улсын иргэдийн дийлэнх нь сардаа $100 орчмыг олдог байна.
Зимбабвегийн 15-34 насны залуусын тал орчим хувь нь Чисакарите шиг ажилгүй, сургуульгүй, ямар нэг эзэмшсэн мэргэжилгүй. Харин сүүлийн жилүүдэд тэдний аль авьяастай нь пүүл биллиард тоглож амьдралаа залгуулах болжээ.
Сүүлийн таван жилийн хугацаанд мэргэжлийн тоглогчдын тоо дөрөв дахин өсөж, 800 хүрсэн тухай Хараре хотын Мэргэжлийн Пүүл Биллиардын Холбооны хэвлэлийн төлөөлөгч Кэйт Гото ярьсан байна.
Одоо Хараре хотын хаа сайгүй пүүл биллиардын ширээ байгааг харж болно. Зарим орон сууцууд биллиардын ширээтэй болж, оршин суугчдаасаа нэг удаагийн тоглолтын 50 цент хураах болжээ.
Бас бооцоотой тоглоом зохион байгуулах замаар орлого олдог болсон байна. Бооцоот тоглоом зохион байгуулахад тусгай зөвшөөрөл хэрэгтэй болдог. Хотын эрх баригчид үе үе хууль бус биллиардын тэмцээнийг илрүүлэх ажиллагаа явуулдаг болжээ. Гэвч бизнес эрхлэгчид цагдаа нарт $2 орчмыг төлөөд шалгалтыг аргалдаг болсон байна.
Эх сурвалж: Aljazeera
Нийт сэтгэгдэл (0)