АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений өмнө ашиглаж байсан албан байрнаас Украин, Иран, Их Британитай холбоотой нууц баримтууд олджээ.
2013-2016 он буюу Жо Байдений дэд Ерөнхийлөгч байх үед хамаарах эдгээр баримт 2017-2020 онд түүний ашиглаж байсан Пенсильванийн их сургуулийн дэргэдэх судалгаа шинжилгээний төвийн байрнаас олдсон байна.
Эдгээр нь Үндэсний архивд шилжүүлэх ёстой, “Ерөнхийлөгчийн баримтуудын тухай хууль”-д хамаарах баримтууд байсан гэж мэдээлж байна.
АНУ-ын Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор Меррик Гарланд энэ асуудлаар шалгахыг үүрэгдсэн байна. Мөн АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь тагнуулын хорооны төлөөлөгч Майк Тернер Ерөнхийлөгч Жо Байдений дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд хамаарах нууц баримтаас болоод учирсан хохирлыг тооцохыг шаардсан байна.
Ерөнхийлөгч Жо Байдений хувьд ийм баримт бичиг олдсонд гайхаж байгаагаа илэрхийлээд, доторх агуулгыг нь мэдэхгүй гэжээ. Тэрээр нууц баримт бичиг, мэдээлэлд хянамгай ханддаг гээд, Хууль зүйн яамтай энэ асуудлаар нягт хамтран ажиллана гэдгээ мэдэгджээ.
Нийт сэтгэгдэл (0)