
Монгол Улсын Ерөнхий сайдын ээлжит өглөөний уулзалт өнөөдөр (2023.11.20) Монголбанканд болж, эдийн засгийн өсөлт өрх гэрүүдэд хэрхэн нөлөөлж буй талаар эдийн засагчид, судлаачидтай ярилцлаа. Уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон бусад удирдлагууд оролцов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Энэ оны эхний 10 сарын байдлаар гадаад худалдааны ашиг 4.9 тэрбум ам.долларт хүрлээ. Мөн төсөв 2.1 их наядын ашигтай гарч, төлөвлөснөөс орлого давж биеллээ. Цаашид эдийн засгийн өсөлтөө хадгалж, айл, өрх бүрд хүргэхийн тулд оновчтой бодлого баримтлах нь чухал байна” гэв.

Энэ үеэр Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Эдийн засгийн сэргэлтийн өрхөд үзүүлэх нөлөө, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлд:


Эдийн засагчдын хувьд хэлэлцүүлгийн хүрээнд эдийн засгийн өсөлтийг илүү иргэдэд хүртээлтэй болгохын тулд халамжийн бодлогуудыг илүү зорилтот бүлэг рүү чиглүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарт анхаарах, үйлдвэржилтийг нэмэгдүүлэх буюу томоохон мега төслүүдийг хөдөлгөх, нефтийн үйлдвэр, гангийн үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэрийн төслүүдээ хэрэгжүүлэх шаардлагатай гэв. Мөн хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх хүрээнд орон нутагт илүү зардал багатай байх боломжийг бүрдүүлэх, татварын бодлогыг оновчтой болгож, хуваарилалтын гэхээсээ илүү зохицуулалтын үүрэгтэй болгох, Үндсэн хуульд заасан монгол хүн баялагтаа эзэн байх агуулгыг төрийн өмчийн компаниудын хувьцааг олон нийтэд эзэмшүүлэх байдлаар бодитойгоор хэрэгжүүлэх зэрэг олон саналыг хэллээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засагчид, судлаачдаас гарсан санал бүр дээр Засгийн газрын байр суурь, бодлогын талаар танилцуулав. Мөн цаашид эдийн засгийн бодлогын асуудлаар судлаач, эдийн засагчдын хийж буй үнэ цэнтэй судалгааны үр дүн, санал зөвлөмжүүдийг хүлээж авах нэгдсэн платформтой болох шаардлагатай байгааг онцоллоо.




0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)