Инфляц

Бодлогын хүү

“Хүний эрх, жендэрийн өөрийн үнэлгээнд бэлтгэх нь” сэдвээр IY хэсгийн танилцуулга, хэлэлцүүлэг үргэлжиллээ

Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний нэгдсэн хэлэлцүүлэг /2023.11.22/ Төрийн ордонд эхэлсэн.

“Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний албан ёсны IY танилцуулах хэсэг “Хүний эрх, жендэрийн өөрийн үнэлгээнд бэлтгэх нь”  сэдвээр үргэлжиллээ. Хэлэлцүүлгийн эхэнд олон улсын зөвлөх, хатагтай Мэг Манн Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ) үнэлгээний арга хэрэгслийг танилцууллаа.

Тэрбээр, аливаа байгууллага үйл ажиллагаагаа сайжруулж, шинэтгэл хийх зорилго тавин одоо байгаа нөхцөл байдлаа үнэлэн, ямар ахиц дэвшил гаргах вэ гэдгээ зөв тодорхойлж чадвал үнэлгээ хийсний үр дүн гарах болно. Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ) “Парламентын жендэрийн мэдрэмжтэй байдлыг” үнэлэх гарын авлага бэлтгэн гаргасан бөгөөд энэхүү аргачлалын дагуу улс орнуудын парламент өөрийн үнэлгээгээ хийж ирсэн. Ийнхүү үнэлгээ хийснээр одоогийн нөхцөл байдлаа тодорхойлж, цаашдаа хийх ажлынхаа эрэмбэ дараа, цаг хугацааг төлөвлөж чаддаг.  Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлснээр парламентын гишүүд, парламентын Тамгын газрын ажилтнуудын мэдлэг ойлголт, ур чадвар дээшилдэг. Түүнчлэн тухайн парламент цааш цаашдаа батлах хууль, тогтоомждоо жендэрийн мэдрэмжтэй ханддаг соёлыг төлөвшүүлдэг ач холбогдолтой гэлээ.

Олон улсын зөвлөх, хатагтай Мэг Манн зарим улс орнуудын парламент жендэрийн асуудлаарх өөрийн үнэлгээ хийсэн талаар жишээ болгон танилцуулав. Тухайлбал, Кени Улс 2016 онд ОУПХ-ны аргачлалд суурилсан жендэрийн мэдрэмжтэй өөрийн үнэлгээ хийсэн байна. Ингэхдээ, жендэрийн талаарх ойлголт, мэдлэг олгох сургалтыг  парламентын бүх ажилтнуудыг хамруулан зохион байгуулж, улмаар жендэрийн тэгш байдлыг хангахад парламентын гишүүдэд дэмжлэг үзүүлэх удирдах албан тушаалтныг томилж, эрэгтэй, эмэгтэй гишүүдээс бүрдсэн Жендэрийн бүлгийг байгуулсан байна. Мөн Бүгд Найрамдах Жибути Улс 2017 онд өөрийн үнэлгээ хийснээр парламентын эмэгтэй гишүүдийн квот нэмэгджээ. Тухайлбал, тус улсад 2018 онд болсон сонгуулийн дараа эмэгтэй гишүүдийн хувь 11 хувиас 26 хувь болж өссөн байна. Түүнчлэн тус улсын парламентад зөвхөн эмэгтэй гишүүдээс бүрдсэн Эмэгтэй гишүүдийн бүлэг болон Жендэрийн бүлэг байгуулахаар болж жендэрийн эрх тэгш байдлын асуудлаар хамтран ажиллахаар болжээ.  Мөн Гүрж Улс 2018 онд ОУПХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагтай хамтран жендэрийн асуудлаар өөрийн үнэлгээг хэрэгжүүлснээр тус улсын парламентын дэргэдэх Жендэрийн тэгш байдлын зөвлөл нь байнгын ажиллагааны статустай болсон байна. Их Британид 2018 онд тус улсын парламентын хоёр танхимын гишүүдээс бүрдсэн комисс байгуулж уг комисс өргөн хүрээний зөвлөмж бүхий тайлан гаргасан бол Серб Улсын парламент жендэрийн асуудаар өөрийн үнэлгээ хийснээр холбогдох хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж парламент дахь эмэгтэй гишүүдийн квот 30 хувь байсныг 40 хувь болгон нэмэгдүүлж чадсан талаар хатагтай Мэг Манн жишээ баримтад тулгуурлан танилцууллаа.

Үргэлжлүүлэн Олон Улсын Парламентын Холбооны Хүний эрхийн хөтөлбөрийн мэргэжилтэн, хатагтай Ботанья Ламхарзи “Хүний эрхийн болон жендэрийн асуудлаар хийх өөрийн үнэлгээний зорилго, хүрэх үр дүн, арга хэлбэр” танилцуулга хийв. Тэрбээр, Олон Улсын Парламентын холбоо  хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын зарчим, хэм хэмжээ, механизмыг улс орнуудын парламент хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэхэд зориулсан парламентын өөрийн үнэлгээний аргачлалыг НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газар болон бусад байгууллагуудтай хамтран боловсруулсан талаар дурдаад энэхүү аргачлалаар улс орнуудын парламент өөрийн үнэлгээ хийснээр парламентын гишүүд болон хууль тогтоох үйл ажиллагаанд оролцогч талуудын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголт нэмэгдэх болно гэлээ. Парламент нь хүний эрх, жендэрийн асуудлаар өөрийн үнэлгээ хийснээр  парламентын хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, төсөв батлах чиг үүргээ илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд дөхөм болохыг тэмдэглэсэн юм. Түүнчлэн энэхүү өөрийн үнэлгээний явцад парламент нь иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах явдал нэмэгддэг байна.  

Олон Улсын Парламентын Холбооны Хүний эрхийн хөтөлбөрийн мэргэжилтэн, хатагтай Ботанья Ламхарзи ОУПХ-оос боловсруулсан аргачлалыг улс төрийн системээс үл хамааран парламентын бүхий л гишүүд ашиглаж болохоор боловсруулсан гээд аргачлал нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээ, байгууллага, тэдний зөвлөмжийн талаар парламентын түвшинд хэр мэдээлэлтэй байгааг тодорхойлох, парламентын үйл ажиллагаа, журам, бүтэц тогтолцоонд хэрхэн уялдуулж байгааг үнэлэх, сайн туршлага, хийдэл, сургамжийг тодорхойлох, парламент хүний эрхийн талаар илүү мэдлэг ойлголттой байж, үйл ажиллагаандаа тусгаж ажиллах чиглэлээр арга хэмжээ авах нөхцөлийг хангах үндсэн зорилготойг дурдан өөрийн үнэлгээг хийхэд анхаарах зүйлийн талаар товч танилцууллаа.

Олон улсын зөвлөх, хатагтай Мэг Манн өөрийн үнэлгээний аргачлалын үндсэн зарчмын нэг нь парламентуудыг өөрийн улс орны нөхцөл байдалд тохирсон байдлаар төлөвлөхийг дэмжихэд оршино гээд аливаа шинэчлэлийн үйл явц үнэлгээнээс эхлэх ёстой. Энэ нь одоогийн практикт дүн шинжилгээ хийх, сайжруулах боломжийн талаар системтэй хэлэлцүүлэг зохион байгуулах явдал юм хэмээн тодотголоо. Тэрбээр, өөрийн үнэлгээний үйл явц нь парламентуудыг эрэмбэлэх зорилготой бус харин институцийг бэхжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлохын тулд давуу болон сул талуудаа тодорхойлоход нь туслах зорилготой гэлээ. Ийнхүү өөрийн үнэлгээг хийхэд оролцоог хангах нь чухал бөгөөд парламентын олон талт байдлыг хангасан байх ёстой аж. Хэлэлцүүлгийн үр дүнд хамтын алсын хараа, мөн тодорхойлсон тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж гаргах хэрэгтэйг тэрбээр дурдсан юм.

Олон улсын зөвлөх, хатагтай Мэг Манн Улсын Их Хурлын Тамгын газраас Олон Улсын Парламентын Холбоотой хамтран өөрийн үнэлгээний бэлтгэл хангах арга зүйн сургалт, семинаруудыг энэ оны 4, 9 дүгээр сард Улсын Их Хурлын гишүүд, Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн үндэсний хороо, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах албан тушаалтан болон нийт ажилтнуудыг хамруулан зохион байгуулсан талаар дурдан Монгол Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын дэмжлэг, Улсын Их Хурлаас байгуулсан ажлын хэсэг, ажлын хэсгийн гишүүдийн оролцоо, манлайлал нь бэлтгэл ажлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэсэн юм.

Хатагтай Мэг Манн, энэхүү өөрийн үнэлгээний үр дүнд дүгнэлт, зөвлөмж бүхий тайлан бэлтгэж, зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, улмаар Улсын Их Хурал, түүний Тамгын газрын 2025-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөнд тусгах боломжтойг дурдсан юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид танилцуулгуудын дараа асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр дөрөв дэх танилцуулах хэсэг өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.